Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Цагаан сар”-ын баярыг албан ёсоор цуцлахыг уриалжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Цагаан сар”-ын баярыг албан ёсоор цуцлахыг уриалжээ

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус дэгдэж, олон зуун хүн амь насаа алдах эрсдэл үүсээд байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас онц байдал зарлаад байна. Иймд удахгүй болох Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт хязгаарлалт хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Тодруулбал, Цагаан сарын баярт зориулсан төрөөс зохион байгуулдаг Үндэсний бөхийн барилдаан, төрийн золголт, мөн ТББ-аас зохион байгуулдаг олон нийтийг хамарсан золголтыг хориглож, иргэдийг цөмхөн хүрээнд цагаан сарын баяраа тэмдэглэх уриалга гаргасан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл өөрийн facebook хуудастаа удахгүй болох “Цагаан сар”-ын баярыг албан ёсоор цуцлах уриалга гаргажээ. 

ТЭРЭЭР: 

Улсын онцгой байдлын комисс 'Цагаан сар"-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү? Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 6 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй. 

Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. 

Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ. 

Сонирхуулахад, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дээрх уриалга нь “Засгийн газрын албан ёсны шийдвэр биш” бөгөөд тэрээр иргэний хувиар дээрх мэдээллийг нийтэлсэн бололтой. 

Энэ жил тохиох “Цагаан сар”-ын баярт хязгаарлалт хийх биш, тэмдэглэхийг нь албан ёсоор хориглох нь зөв үү?

Нийт: 0 саналтай