Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Францад хэвлүүлжээ.
Тифэн Канн нь Монголын түүхэн сэдэвт утга зохиолыг таниулан сурталчлахад судалгааны ажлаа чиглүүж, томоохон бүтээлүүдийг франц хэлтэн уншигчдад хүргэх чин хүсэл эрмэлзлээрээ манай улсад сурч ажиллаж буй франц судлаач юм. Түүний судалгааны ажлыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл 2023/2024 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгосон аж.
Тифэн Канн одоогоор Б.Ренчиний “Үүрийн туяа” романыг франц хэл рүү орчуулах ажлаа эхлүүлээд байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд ШУА-ийн Түүх ба угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж Унгар Улсын Сэгэд хотын их сургуульд түүхийн ухааны чиглэлээр докторын зэрэг горилон “Монголын 20-р зууны үеийн уран зохиол” сэдвээр дипломын ажлаа хамгаалаад буй.