УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгийг иргэн бүрд 860 гаруй мянган төгрөгөөр тараах тухай иргэдийн өргөдөл 100 мянга гаруй хүний санал авсан асуудлыг хэлэлцлээ. Иймд Үндэсний баялгийн сангийн асуудлыг хөндөж байх үед энэ бодлого, шийдвэрийг гаргалцсан хүмүүс болон мэргэжлийн байнгын хороодын гишүүд уг өргөдлийг тал бүрээс нь ярилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны дарга нар, мөн энэ асуудал яригдаж байх үед ажиллаж байсан Засгийн газрын сайд нар болон УИХ-ын гишүүд ажлын хэсэгт багтана. Улмаар ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг дахин бүлгээр хэлэлцэнэ. Ингээд нэгдсэн санал дүгнэлтэд хүрнэ гэсэн үг юм” гэлээ.