Ардчилсан нам /АН/-ын хуучин лидерүүдийн нэг нэгэндээ санаж явдаг өс хонзон, хорсол нь тус намыг “эв нэгдэлгүй” гэсэн сул тал болж, парламентын сонгуульд ялагдах нэг шалтгаан нь болсоор ирсэн. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад “олуулаа” болсон ч тус нам доторх зөрчил, фракц хоорондын тэмцэл хурцдаж, 2016 оны сонгуулиар ялагдсан бол энэхүү ялагдал нь 2024 оныг хүртэл үргэлжилж яваа.
Хачирхалтай нь, АН-ын олон удаагийн ялагдлын дараа ч намын дотоод зөрчлийг үүсгэж, хурцатгаж ирсэн хуучин лидерүүд нь тус намаас холдоогүй. Харин ч тэд АН-ын удирдах албан тушаалын төлөөх тэмцэлд оролцсоор ирсэн.
-АРДЧИЛСАН НАМЫН ӨВӨӨ НАРЫН ХОРСОЛ-
АН-ын хуучин лидерүүдийн хоорондын зөрчил, хорсолын нэг тод жишээ нь Н.Алтанхуяг, З.Энхболд, Ц.Элбэгдорж нарын улс төрийн харилцаа. Учир нь Н.Алтанхуяг 2008 оноос АН-ын даргаар ажиллаж, 2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болсон. Харин 2014 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд болон АН-ын даргын албан тушаалаасаа огцорч, Ч.Сайханбилэг, З.Энхболд нар түүний албан тушаалыг авч байсан. Гэхдээ Н.Алтанхуягийн энэхүү уналтыг дан ганц Ц.Элбэгдоржийн дэмжлэг, оролцоогоор тайлбарлахад хэцүү. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үеийн гол шалтгаануудын нэг нь эдийн засгийн хүндрэл байсан юм.
Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурч, ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унаж, төгрөгийн ханш суларсан. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөрөнгө оруулагч талтай үүссэн маргааны улмаас 2013 оны наймдугаар сараас эхлэн саатсан. Нөгөө талд Чингис бонд, Самурай бонд зэрэг гадаад зээлийн эх үүсвэрийг ашигласан нь төсвийн болон өрийн бодлогын талаарх шүүмжлэлийг дагуулж байсан юм.
Гэвч Н.Алтанхуяг Ерөнхий сайд болон АН-ын даргын албан тушаалаа алдсан явдалдаа магадгүй Ц.Элбэгдоржийг буруутгаж, өнөөдрийг хүртэл түүнд хорсол тээж явдаг байж магадгүй байгаа. Ц.Элбэгдоржийг муулдаг Н.Алтанхуяг дээр З.Энхболд нэмэгддэг. Харин Н.Алтанхуяг, З.Энхболд нар өнөөдрийг хүртэл АН-д байр сууриа хадгалахыг зорьдог гэхэд болно. Энэ бүхэн бол гурван хүний асуудал мэт боловч АН-ын ахмадууд дотор ийм өш хонзон, хорсол бүгдэд нь байдаг гэхэд болно.
-С.БАЯРЦОГТОД САНАЖ ЯВДАГ З.ЭНХБОЛДЫН ХОРСОЛ ШӨНӨ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙХЭД ХҮРГЭВ ҮҮ-
Тэгвэл өнгөрсөн баасан гараг /2026.11.06/-ийн шөнө АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүд намын байрныхаа гадна мэдээлэл хийж, “Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн юм. Хачирхалтай нь, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн саналаар сонгодог бол Хяналтын ерөнхий хорооны 10 гаруйхан хүний саналаар огцруулдаггүй дүрэмтэй аж.
Учир нь 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын санал хураалтад оролцсон 338 гишүүний 224-ийн дэмжлэг, саналаар С.Баярцогт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт АН-ын ЕНБД-ын албан тушаалд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр бус, намынхаа Үндэсний бодлогын хорооны сонгуулиар сонгогдсон нэгэн. Сонирхолтой нь, С.Баярцогтыг огцруулна гэж Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ нь мэдээлэл хийж байх үеэр тэрээр Сөүл хотод зохион байгуулагдаж байсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцож байжээ.
Харин түүнийг эзгүй байх үеэр З.Энхболд ХЕХ-ны гишүүдээ цуглуулж, С.Баярцогтыг огцруулах дүрмийн бус шийдвэр гаргахыг даалгасан аж. Ингээд тус мэдээллийг нь Х.Баттулгын C1 телевиз, Н.Алтанхуягтай холбоотой сайт дамжуулжээ. Харин үүний цаана нөгөө л АН-ын өвөө нарын нэгэндээ муу санаж явдаг хорсол, өш хонзон нь нөлөөлсөн байж болзошгүй.
Учир нь З.Энхболд, С.Баярцогт нарын хооронд хувийн болон улс төрийн зөрчил байдаг гэх яриа бий. Зарим эх сурвалж тэдний харилцааны зөрчлийг бүр Сэлэнгэ аймагт нэг сургуульд суралцаж байсан үеэс эхтэй хэмээн ярьдаг. Иймд Хяналтын ерөнхий хорооны мэдээллийн ард З.Энхболд өөрийн байр сууриа бэхжүүлж, С.Баярцогтын улс төрийн нөлөөг хязгаарлах зорилго агуулсан ч байж магадгүй юм.
-НЭГ ӨВӨӨГИЙН “ХОРСОЛ” АН-ЫГ ЭВ НЭГДЭЛГҮЙ ХАРУУЛНА-
Харин З.Энхболдын даалгасан гэх дүрмийн бус шийдвэр АН-ын дотоодод эсэргүүцэл дагуулжээ. Учир нь тус намын гишүүд “АН арай гэж эвлэх гэхээр үймүүлэх ажиллагааг гадаад, дотоодын нөлөөгөөр эхлүүлж байна” гэж үзэж байгаа аж.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин уг шийдвэрийг намын Үндсэн дүрэм зөрчсөн, Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхэд халдсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн ч уг шийдвэрийг дүрмийн бус хэмээн шүүмжилжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат гаднын болон дотоодын нөлөөгөөр АН-ыг задлах оролдлого гарч байгааг шүүмжилж, ийм нөхцөлд Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааг өөрийг нь эргэн харах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлжээ.
Товчхондоо, АН-д дүрэм сахиулах ёстой Хяналтын ерөнхий хороо өөрөө дүрмийн маргааны төвд орж, тус намын нэг өвөөгийн хорсол дахин хурцадсан нь АН-ын хувьд таагүй дүр зураг юм. Учир нь тэр өвгөний хорсол АН-ыг “эв нэгдэлгүй” гэж олон нийтэд харуулна.