Д.Нямхүү: Цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй

Д.Нямхүү: Цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй

Өнөөдөр /2020.02.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Хоёрдугаар сарын 8-аас 9-ны хооронд ХСҮТ-д нийт гурван иргэн тусгаарлагдсан бөгөөд эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, Монгол Улсад коронавирусийн халдвар гараагүйг албан ёсоор мэдэгдлээ.

Нийт гурван тохиолдлын Сөүлээс Улаанбаатар чиглэлд зорчин ирсэн иргэн A хүрээний H3N2 вирус, Хөх хотоор дамжин ирсэн иргэн Э хүрээний H3N2 вирусаар өвчилсөн нь тогтоогджээ. Харин Өвөрхангай аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг Халиут хэмээх газарт нэг тохиолдол бүртгэгдсэн ч манай улсын нутаг дэвсгэр биш бөгөөд Өвөрхангай аймгаас  120км-ийн зайтай байрладаг байна.

Мөн халварын нийт тоон мэдээллийн талаар ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа “Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 300-гаар нэмэгдэж 40550 болсон бол, нас баралт 910-д хүрлээ. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Нас барагсдын дийлэнх нь өндөр настай хүмүүс байна” гэсэн юм.

Манай улсад өнөөдрийн байдлаар ХСҮТ-д Ухань хотоос ирсэн 31 иргэний тандалт судалгаа хийгдэж байна. ЭМЯ-аас бэлэн байдал зарлан, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаж байгаа бөгөөд маргааш ДЭМБ-аас 5000 оншлуур ирэх юм байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Манай улсаас 120 км газрын зайтай оршдог БНХАУ-ын Халиут хэмээх газарт шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Тус газар хэдийгээр манай улсын газар нутаг биш ч, аль аль талдаа өндөр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Мөн Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа нь биднийг бэлэн байдлаа нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна" гэв. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэв.