Монголын иргэний агаарын тээвэрлэгч “Eznis Airways” компани 2024 оны долдугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар - Прага - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо албан ёсоор зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Монголоос түүхэндээ анхны шууд нислэг Прагт өчигдөр /2024.07.11/ амжилттай газаржээ. Ийзнес эйрвэйз компаний Airbus онгоцыг Чехэд уламжлалт усан мэндчилгээгээр угтан авлаа. Зуны турш долоо хоногт 2 удаа нислэг хийхээр төлөвлөжээ.
“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2017 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар манай хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болсон билээ. Улмаар энэхүү хэлэлцээр 2020 онд хүчин төгөлдөр болж, монголын тал шууд нислэг үйлдэх томилгоог “Eznis Airways” компанид олгосон. Хэдийгээр Ковид-19 цар тахал, олон улсын нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас шууд нислэг үйлдэх хугацаа хойшилж байсан боловч энэ хугацаанд “Eznis Airways” компани олон улсад нислэг үйлдэх бэлтгэлээ сайтар хангажээ. Тухайлбал, эгнээндээ дэлхийн 120 улсын 336 агаарын тээвэрлэгчийг багтаасан Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-нд гишүүнээр элссэн Монголын хоёр дахь агаарын тээвэрлэгч болж, өөрийн компанийн үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, найдвартай байдлаа дэлхийн жишигт хүргэснээ баталжээ.
ВИДЕО: