ЭМЯ: Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай

ЭМЯ: Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт зохион байгуулж байна. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ.

Мөн амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна.

Тиймээс иргэн бүр өөрсдийн нөөц боломжоороо амны хаалтаа хийж, тогтмол зүүж хэвших шаардлагатай байна. Гадны улсуудад ажиллаж, суралцаж байгаа иргэдээс олон тооны амны хаалтыг хандивлаж байгаа. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байна. Мөн энэ эгзэгтэй цаг үед хувь хүн, байгууллагууд эмнэлэг болон эмнэлгийн ажилтнуудад тусламжийн гараа сунган хамтран ажиллаж байна. Өчигдөр “Их наяд плаза” компани ачаалалтай ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн ажилчдад зориулж арван сая төгрөг хандивласан бол “Глобал ацетилен” ХХК 48 сая 127 мянган төгрөгний бүтэн жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээгээр хангахаар болжээ.