Коронавирусийн үед улсад байраа үнэгүй ашиглуулахаар болсон “Асралт мед” эмнэлгийг сурвалжиллаа

Коронавирусийн үед улсад байраа үнэгүй ашиглуулахаар болсон “Асралт мед” эмнэлгийг сурвалжиллаа

Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой Комисс хуралдан коронавирусийн халдварын бэлэн байдлыг хангах, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх хоёр эмнэлгийг нэрлэсэн. Нэг нь Цэргийн госпитал эмнэлэг, Нөгөө нь “Асралт мед” хувийн эмнэлэг.

“Асралт мед” эмнэлэгийн  удирдлагын зүгээс эмнэлгийн байраа ямар ч түрээсгүйгээр улсад ашиглуулахаа мэдэгдэн олон түмний талархлыг хүлээсэн билээ. Тус эмнэлэг ашиглалтад ороод удаагүй учир иргэд төдийлөн мэдэхгүй, асууж сурах хүн цөөнгүй байлаа. Иймээс бид “Асралт мед” эмнэлгийг зорьж, үйл ажиллагаа болон “Улсад түрээсгүйгээр ашиглуулах” нь үнэн эсэхийг сурж очсон юм. Биднийг тус эмнэлгийн дарга Н.Гансүх эмч угтан авч ярилцлаа.

“Асралт мед” эмнэлэг нь ашиглалтад ороод удаагүй бөгөөд 12 давхар, бүх давхраа эмнэлгийн зориулалтаар ашигладаг Олон Улсын стандартыг нэвтрүүлсэн  эмнэлэг аж. 

-“Асралт мед” эмнэлэг коронавирусийн халдвартай холбоотойгоор улсад байраа түрээсгүйгээр ашиглуулна” гэсэн мэдээлэл олны дунд тарсан. Энэ үнэн үү?

-Олон улсад онц халдварт өвчний үед хоёр эмнэлгийг тусгайлан бэлдэж ашигладаг. Онцгой байдлын үеэр нэг эмнэлгийг суллахын тулд хэвтэж байсан олон зуун өвчтөн гарах хэрэгтэй болно шүү дээ. Харин манай улсад тийм боломж бараг байхгүй. Халдвартын эмнэлгийн хувьд ямар ч өвчин гарсан бэлэн байдалд ажиллах ёстой байдаг. Гэтэл коронавирус амьсгалын замаар халддаг тул тухайн улсад нэг ороод ирвэл маш их аюул авчирна. Манай эмнэлэг төрөөс ямар ч тусламж аваагүй боссон ч захирал бид хоёр эх оронч сэтгэлгээгээр ард түмнийхээ  эрүүл мэндийг эрхэмлэн “Аль эмнэлгийг ашиглах уу, суллах уу” гэж асуудал болгохгүйгээр манай эмнэлгийг ашиглах санал тавьсан. Товчхондоо “үнэгүй түрээсэл” гэж бид хэлсэн.

-Танай эмнэлэг саяхан ашиглалтад орсон шүү дээ. Тэгэхээр шинэ тоног төхөөрөмж, шинэ байраа 100 хувь ашиглуулна гэсэн үг үү?

-Манай эмнэлэгт олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд бий. Мэдээж халдварт өвчний үед маш их зардал гарна. Иймээс  бид шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрч байгаа.

МОНГОЛД ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙГ ЭХ ОРОНДОО
ЭМЧЛЭХ НЬ ТЭДНИЙ ТЭРГҮҮН ЗОРИЛТ

-“Асралт мед” эмнэлэг нь Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийг эмчлэх зорилготой ажилладаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү. 

-Манай эмнэлэг үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүн чиглэл нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийг эх орондоо эмчлэх. Нөгөө талаар гадаадад өндөр үнээр эмчлүүлдэг иргэдийн гарах урсгалыг хааж эх орондоо эмчлүүлэх боломж бүрдүүлэх юм. Үүний тулд гадаадын өндөр ур чадвар бүхий мэргэшсэн эмч нарыг урьж тэдэнтэй хамтран эмчилгээ оношлогоо хийнэ.

-Гадаадын эмч нарыг урьж авчрах зардлыг яаж шийдэх вэ?

-Гадаадын улсад очоод байрлах орон сууц, хоол унднаас эхлээд зардал маш их гарна. Монголчууд хамгийн ихээр Хятад, Солонгос, Энэтхэг улсуудад очин эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Ялангуяа Энэтхэг улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ бусад орнуудтай харьцуулахад хамаагүй хямд учраас маш олон хүмүүс зорьж очдог юм байна лээ.  Гэтэл Монголчуудын үзүүлдэг багц шинжилгээг харахад энд зуун хувь хийгддэг шинжилгээнүүд байдаг. Манайд өвчтөний шинжилгээ хийгдсэний дараа бид гадаадын томоохон эмч, докторууд руу явуулан, Монголд ирж хагалгаа хийх боломжтой эсэхийг асууж, зөвшөөрвөл тухайн эмчийн замын зардал, энд ирээд байрлах газар, хоол унд гээд бүхий л зардлыг манай эмнэлэг даана. Эх орон, элгэн садангийнхаа дэргэд эмчлүүлбэл өвчтөний сэтгэл санаа ч сайн, хагалгааны дараах эдгэрэл ч хурдан байна. Нөгөө талаар өвчтөний ар гэрт очих санхүүгийн дарамтыг багасгаж, Монгол улсаас гадаад руу урсах мөнгөн урсгал ч багасна шүү дээ.

-Гадаадын эмч нарыг хэрхэн сонгох вэ?

-Мэдээж салбартаа хамгийн сайн гэсэн доктор, мэргэжилтнүүдэд хандана. Эрүүл мэндээр бизнес хийдэггүй, эмчийн үүргээ ухамсарласан тийм л доктор, профессоруудыг урина. Гадаадын эмч нарт ч тодорхой шаардлага байдаг. Тухайлбал мэс засал хийх эмнэлэг нь стандартад нийцсэн байна уу, оношилгоо, үзлэгийн чанар, вакуум хагалгааны өрөө, сэргээн засах эмчилгээ стандартад нийцсэн үү гээд олон шалгуур тавьдаг. Харин манайх тэр бүх шаардлагуудыг хангаж ажиллаж байгаа.

ЗАЛУУ ЭМЧ НАРЫГ БИД НАР Л СУРГАХГҮЙ БОЛ ӨӨР
ХААНА СУРЧ ХӨГЖИХ ВЭ

-Та гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн шүү дээ. Нөгөө хоёр чиглэл нь ямар чиглэл вэ?

-Хоёрдугаар чиглэл нь чих, хамар хоолойн төрөлжсөн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэл. Манай эмнэлэгт чих хамар хоолойн нийгэмлэг ажиллаж байна. Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан чих хамар хоолойн өвчлөл ихэсдэг. Тэгэхээр агаар дуслын замаар халддаг вирусийн халдварууд хүндэрч хатгаа болдог. Энэ талын эмчилгээг арай түлхүү үзүүлдэг. Гуравдахь нь хоол боловсруулах эрхтэн судлалын эмгэгийн дурангийн оношилгооны төв. Энэ төв нь дэлхийн жишигт хүрсэн дурангийн ариутгал халдваргүйжүүлэлтийг Монголд анх удаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог.

-Хэчнээн эмч, ажилчид ажилладаг вэ?

-Нийт 27 орчим эмч, 30-аад сувилагчтай. Чиглэл болгон дээр 20-с дээш жил ажилласан эмч ахалж ажиллаж байгаа. Эдгээр эмчийн 80 хувь нь  зэрэг, цолтой эмч нар. Харин цаашдаа дандаа залуу эмч нарыг авч ажиллалуулах төлөвлөгөөтэй байна. Улсын болон хувийн эмнэлгүүдэд ажлын туршлагатай, цолтой, зэрэгтэй байх ёстой гэх мэт өндөр шалгуур тавьдаг. Тиймээс залуу эмч нарыг бид нар л сургахгүй бол өөр хаана сурч хөгжих вэ дээ.

“Зайлшгүй шаардлагаар Монгол иргэн харийн нутгаас эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй байх”-ыг тэргүүн зорилгоо болгосон “Асралт Мед” эмнэлгийн үйл ажиллагаатай ийнхүү танилцлаа. Эрүүл мэндийн салбар өвдөж зовсон иргэдээ бизнес гэж харахаа больсон цагт цэцэглэн хөгждөг. Зовох цагт нөхрийн чанар гэдэгчлэн “хэцүү” өвчний үед ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ашиг хонжоо хайлгүйгээр гараа сунгаж буй “Асралт мед” эмнэлгийн хамт олноор Монголын ард түмэн бахархаж бас баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө