ЭМЯ: Covid-19 талаар худал, ташаа мэдээлэл тараасан иргэн Г -г олж илрүүлэн шалгаж байна

ЭМЯ: Covid-19 талаар худал, ташаа мэдээлэл тараасан иргэн Г -г олж илрүүлэн шалгаж байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээллээ өгч байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх муж буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. Өвчлөл огцом нэмэгдсэн. Энэ нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэнтэй холбоотой юм.

ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Тэгвэл өчигдөр оройн 09:00 цагаас эхлээд яг хүмүүсийг амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа" гэдгийг хэлсэн юм.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН ЗҮГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БҮХ АЖЛЫГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА

Үргэлжлүүлэн "Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн юм. 

 Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат хэлэхдээ “Ташаа мэдээллийг хувь хүний хаягаар тарааж байгаа тул түүнийх нь дагуу хаягийг тогтоож, шалгалтын ажил явагдаж байна. Хуулийн дагуу хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн.

Үүнээс гадна холбогдох шатны бүх байгууллагууд шуурхай ажиллаж, шаардлагатай тохиолдолд авах ёстой арга хэмжээг аван ажиллаж байгаа. Гэтэл ард иргэдийн ухамсаргүй, хайхрамжгүй байдлаас болон эдгээр бүх ажилчдын хийж гүйцэтгэж буй ажил үгүйсгэгдэж, нурж цаашлаад улс орны аюулгүй байдал алдагдаж байгаа учраас ард иргэдийг нягт хамтран ажиллахыг уриалсан юм.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө