Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудлаа

Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудлаа

Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаалаа өнөөдөр үргэлжлүүлж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэрбээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 6-ны өдөр ТВ4 телевизийн байранд 20:00 цагаас халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа дуулгав.

Энэ тухай хэлэхдээ, “Өнгөрсөн удаагийн жагсаалын үр дүн гараагүй учраас бид үргэлжлүүлэн жагсаалаа зохион байгуулж байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүйн гаралтай эхийн эндэгдэл гарлаа. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан явдал. Энэ нь эрүүл мэндийн сайд огцрох хангалттай шалтгаан. Мэтгэлцээнд урьж буй шалтгааны тухайд Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна" гэлээ.