ЭМЯ: Завхан аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: Завхан аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цаг буюу өчигдрийн байдалтай харьцуулахад өвчлөл 2,009 тохиолдлоор нэмэгдэж нийт өвчлөлийн тоо 68,584 болсон байна. Харин нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж нийт 1666-д хүрчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 14-нд тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Завхан аймагт тусгаарлагдсан тохиолдлууд бүгд шинэ коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо.

Харин 2020 хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна.

Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг хүний талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авсан. Хилээр орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж бэлдсэн байсан гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийнэ. Термокамер болон, эрүүл мэндийн асуумжаар нэг зорчигч халуунтай байсан нь илэрсэн. Тиймээс тухайн хүнийг тусгаарлан үзлэг, шинжилгээ хийж байна.

Нийтдээ 104 хүн Замын-Үүд боомтоор орж ирснээс нэг иргэнийг тусгаарлан, 103-ыг ажиглалтад байлгаж байна” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө