Д.Эрдэнэсувд: “Хулан хонгор” дууг дуулахдаа ая зохиогч Г.Дарамзагд гуайн охиноос нь асууж байж дуулсан. Зохиогчийн эрхийг бид үнэлэх ёстой

Д.Эрдэнэсувд: “Хулан хонгор” дууг дуулахдаа ая зохиогч Г.Дарамзагд гуайн охиноос нь асууж байж дуулсан. Зохиогчийн эрхийг бид үнэлэх ёстой

Морины дуу дуулдгаараа монгол түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн МУГЖ, ахмад дуучин Ж.Нансалмаагийн дуулснаар "Хулан хонгор" дууг мэдэхгүй хүн ховор билээ. Тэгвэл ардын дуучин Д.Бурмаа болон СТА дуучин Э.Мөнгөнчимэг нар "Хулан хонгор" дууг дуулж иргэдийн дунд багагүй маргааныг дэгдээсэн. Энэ асуудлын үеэр тус дууг тун донжтой, илүү ахуйтайгаа ойрхон дуулсан хэмээн олны анхаарлыг татсан дуучин бол "Түмэн-Эх" чуулгын дуучин Д.Эрдэнэсувд билээ. Иймд бид түүнийг урьж ярилцлаа.

Тэрбээр Хэнтий аймгийн Дархан суманд төрж өсөн, Дорноговь аймгийн "Саранхөхөө" театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд бага ахуй насандаа өвөөгийнхөө хурдан морийг унадаг байсан нь "Хулан хонгор" дууг дуулахад их нөлөөлсөн талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

ВИДЕО: 

-“Хулан хонгор” дуу таны дуулснаар сошиал орчинд нэлээд хандалтыг авч, олны сайшаалыг хүртсэн. Энэ дууг анх хэзээ дуулж байв. Анх дуулах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Тухайн “Хулан хонгор” дууг дуулж байх үеийн бичлэг жил орчмын өмнө хийгдсэн бичлэг. Намайг хөдөө найр, наадам гээд завгүй явж байх үед нэг мэдсэн л сошиалаар нэлээд түгсэн байсан. Миний хувьд Саран хөхөө театрт олон жил ажилласан. Харин өнгөрсөн зун театраасаа шилжих болж, хаалтын ажиллагаа хийхдээ хамгийн анхны театр буюу “Намтар дуулах тавцан” дээр найман ханатай гэрт тоглолт хийсэн юм. Энэхүү тоглолт дээрээ “Хулан хонгор” дуугаа дуулсан байдаг юм. Миний өвөө аймгийн алдарт уяач хүн байсан учраас хүүхэд байхаасаа л өвөөгийнхөө хурдны морийг унадаг байлаа.

Харин “Хулан хонгор” дууг дуулж байх үед яг тэр бага байх үед өвөөгийн маань, “заа миний охин морио нэг сайхан жороолуул даа” гэж хэлдэг байсан нь нүдэнд харагдаад тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө тэгж дуулсан нь хүмүүст хүрсэн байсан.

-Өөрийн тань дуучин болох замнал хаанаас эхэлж байв?

-Одоо ингээд бодоход өвөө маань намайг дуулуулах дуртай, урлагт дуртай болгоё гэж боддог байжээ. Нутгийн хөгшчүүл дээр надтай цуг очоод, “миний охин дуулдаг алив нэг сонс доо” гэдэг байлаа. Мэдээж жаахан хүүхэд байсан учраас “ямар гоё дуулдаг охин бэ? Хоолойгоороо хоолоо олж идэх хүн болох нь дээ” гээд чихэр жимс их өгдөг байсанд нь урамшиж, урлагийн хүн болох шийдвэрийг гарган, хөгжим бүжгийн коллежийн уртын дууны ангид орж байлаа. Улмаар ажлын гараагаа Дорноговь аймгийнхаа “Саран хөхөө” театраас эхэлсэн.  Одоо бол “Түмэн-Эх” чуулгад ажиллаж байгаа.

-Зохиолын дуучин хоёр бүсгүйн дунд “Хулан хонгор” дуутай холбоотой багагүй маргаан дэгдсэн. Таны хувьд тухайн маргааны дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Миний хувьд х.Нансалмаа гуайн дуулсан хувилбарыг маш сайн мэднэ. Хуучны дуунуудыг дуулахаар болбол анхны дуулсан хувилбарыг нь л сонсох дуртай. Мөн х.Мөнгөнчимэг гэх дуучны дуулсан хувилбарыг сонссон. Түүний хувьд дуурийн дуучин шүү дээ.

Хүмүүс намайг “Хулан хонгор” дууг дуулахад дуртай байсан болохоор “Хулан хонгор” дууг зөвшөөрлийг нь авч дуулахаар болсон.

-Зохиогчийн эрхийн асуудал гэж бий. Аливаа уран бүтээлчид хэн нэгний өмнө нь дуулж байсан дууг дуулбал мэдээж зөвшөөрлийг нь заавал авах ёстой. Тийм үү?

-Ер нь хүний оюуны өмчийг хүндэтгэх хэрэгтэй. Кинон дээр тухайлбал арын албаны хүмүүс гэж байдаг шүү дээ. Маш олон зүйлийг хийдэг ч хүмүүс нэг их мэдээд байдаггүй. Харин дууг сонсохдоо хөгжмийн зохиолч болон яруу найрагчийг нь мэдэхгүй өнгөрөх нь олонтоо. Иймд бид заавал зохиогчоос нь зөвшөөрөл авах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Иймдээ ч би “Хулан хонгор” дууг дуулахдаа Г.Дарамзагд гуайн охин Д.Оюунаас асуусан. Д.Оюун эгч маань таатай хүлээн авч, гол нь зөв  дуулаарай гэж хэлсэний үндсэн дээр одоо хөгжмийн найруулгыг нь хийж байгаа.

Зохиогч нь тодорхой, мөн тухайн хүний үр хүүхдүүд байгаа тохиолдолд тэднийг хүндлээд заавал зөвшөөрөл авах нь зүйтэй.

-Танд ойрын хугацаанд төлөвлөж байгаа ямар ажил байна. Тэр талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би өмнө жил ямар ч техник хэрэгсэлгүй тоглолтоо хийсэн. Орчин үед юмс хөгжихийн хэрээр хүмүүс техник хэрэгсэлгүйгээр юу ч хийж чадахаа больсон юм шиг санагддаг. Иймд жил болгон амьд тоглолтоо хийсээр байх болно. Энэ жилийн хувьд есдүгээр сард багтаан хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь ашгийн бус тоглолт гэж хэлж болно.

Ж.Цэцэгсүрэн