Нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд эцэст нь Улсын дээд шүүхээс хэргийг дахин Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр /2024.04/сард гаргасан билээ.
Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Тодруулбал, Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны /2023.11.30/ өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг зөв" гэж үзсэн байдаг. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ.
Тэгвэл Ж.Соронзон нь анх анхан шатны шүүхэд юу гэж гомдол гаргаж, энэ талаар юу өгүүлэв, шүүх хэрхэн шийдвэр гаргаж байсныг нэхэн хүргэж байна.
-Ж.СОРОНЗОН НЬ "АЖИЛ ҮҮРГЭЭ САЙН ГҮЙЦЭТГЭЖ БАЙХАД ОРОСЫН ТАЛААС АСУУХГҮЙ ЧӨЛӨӨЛСӨН НЬ ХУУЛЬ БУС" ХЭМЭЭН МАРГАЖЭЭ-
Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэл гаргасан байдгаг.
Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайланд захирал Ж.Соронзонг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас Ж.Соронзонг чөлөөлсөн юм.
Тиймээс Ж.Соронзон нь үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байдаг. Гэхдээ тэрбээр шүүх хуралдаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулдаг бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Ж.Соронзон нь БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 355 дугаар тушаалаар Монгол-Орос хамтарсан дунд сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох хууль, дүрэм, журамд заасан бүхий л шаардлагыг биелүүлж, үр дүнгийн гэрээний биелэлтийг сүүлийн гурван жилийн байдлаар А үнэлүүлж, аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, сайн ажилласан. Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сонсох ажиллагаа зэргийг явуулаагүй атал Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Мөн сургуулийн захирлыг ОХУ-ын хариуцагч байгууллагын талтай харилцан тохирч томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу тус сургуулийн Удирдах зөвлөлөөс /Монгол Улс болон Оросын холбооны Улсын хамтын удирдлага/ тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байсан Ж.Соронзонг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад БШУ-ны сайд шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн байдаг.
Товчхондоо, "Ж.Соронзон болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь "Ж.Соронзонг ажлаа сайн хийж байсан атал Оросын талаас асууж, зөвшөөрөл авахгүй ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй" хэмээн маргасан байгаа юм.
-Ж.СОРОНЗОН НЬ 3.3 ТЭРБУМЫН АСУУДАЛД ХОЛБОГДОЖ, НӨХӨР БОЛОН ДҮҮДЭЭ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖЭЭ-
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрэм, Монгол Улсын Боловсролын холбогдох хуулиудаар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 6.3 дахь хэсэгт Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэн томилж, чөлөөлсөн. Томилох чиг үүрэг байгаа учраас чөлөөлөх чиг үүрэг хамт байх ёстой.
Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн Удирдах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн эцэг эх, багш нарын төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагаа, санхүүгийн болон бусад баримтад бичигт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.
Ажлын хэсгийн дүгнэлтээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагчдаас сургалтын төлбөрийг 5 арилжааны банкнуудад хадгалуулж, 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй.
Захирал Ж.Соронзон нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лүндэндоржийг гэрээт багшаар томилон 2020 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн. Мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн "Эрхга" ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Дээр дурдсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн холбогдох заалт болон сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэжээ. Мөн тэрбээр Ж.Соронзонтой сонсох ажиллагааг утсаар хийсэн.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар хэлэхээр дуудсан ч "Даралт ихэссэн" зэрэг шалтгаанаар ирээгүй" болохыг дурджээ.
Харин шүүх "Ж.Соронзон нь 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй” санхүүгийн зөрчил, мөн “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, “өөрийн төрсөн дүүгийн Эрхга компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн” зөрчлийг “мөнгө эд хөрөнгө захиран зарцуулахдаа итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан” үндэслэлд тооцож захиргааны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна" хэмээн үзжээ. Тиймээс Ж.Соронзонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.