Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээллийг өглөө. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг шат шатны сонгуулийн хороо, холбогдох байгууллагууд цаг хугацааны хуваарийн дагуу гүйцэтгэж санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны 20601 гишүүн, мэдээллийн технологийн 169 багт 2683 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан, нийт 25621 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган ажиллаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2395 тойрог, 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч шат, шатны сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.
Сонгуулийн сурталчилгаа 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эхэлж 10 дугаар сарын 9-ний 24.00 цаг хүртэл үргэлжилж дууссан. Улсын хэмжээнд 104.505 менежер, ухуулагч, шадар туслах нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ажиллалаа.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.246.164 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогчид байна. Улсын хэмжээнд 18,033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2024.10.10-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу 7500 чиглэлд саналыг нь авч байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 гаруй ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангалаа. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулаад байна. Сонгогчийн ирцийг шууд дамжуулахаар алслагдсан хэсэгт байрлаж байгаа хэсгийн хороодод 381 интернэтийн сүлжээний төхөөрөмж (старлинк) байршуулж бэлтгэлээ. Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор энэ сарын 7, 9-ний өдрүүдэд шалган туршиж, баталгаажуулсан.
Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад шат, шатны сонгуулийн хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгаа бөгөөд 10 удаа зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Тухайлбал, сонгуулийн зохион байгуулалт, явц сонгуульд оролцогч тал, ажиглагч, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байх зөвлөмж өгсөн. Мөн энэ удаагийн сонгуулиар хуульд заасны дагуу нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийх юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.
Амьдарч буй нутгийнхаа өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цаг юм. Санал авах өдөр бүх нийтээр амарч байгаа нь сонгогч Таныг саналаа өгөх боломжоор хангаж байгаа гэдгийг ойлгож хариуцлагатай хандахыг хүсье ээ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг мөн сануулъя. Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.