ЭМЯ: БНСУ-ын Бусан хотоос ирсэн зургаан оюутныг хяналтанд авсан

ЭМЯ: БНСУ-ын Бусан хотоос ирсэн зургаан оюутныг хяналтанд авсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлж байна.

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫН 48 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БАЙДАГ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор Солонгос улсад халдвар нэлээн эрчимтэй тархаж, 56 тохиолдлоор нэмэгдэн нийт халдварын тоо 158 боллоо. Тус улсын зургаан том хотод халдвар бүртгэгдсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүгээс эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж байгаа. БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэд маань 1335, 1339 дугаарт залгаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм байна" гэж мэдээллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "БНХАУ-д эмнэл зүйн шинж тэмдгээр тохиолдлыг бүртгэж байсан боловч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тиймээс тохиолдлын тоог дахин лабораторийн шинжилгээ хийж бүртгэхээр болжээ. БНСУ-д вирус эрчимтэй тархаж эхэлсэн. Тархвар судлалын ажил үргэжилж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна" гэв.

Мөн ирэх амралтын өдрүүдэд нийтийн хэв журмыг хэрхэн сахиулах талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа н.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Энэ сарын 23-ны 08:00 цагаас эхэлж орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан ЦЕГ-ын нийт албан хаагчид 51 цэг дээр хяналт, шалгалт хийж ажиллана. Иргэдийг хулгайн буюу аюултай замаар явж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Завхан аймаг болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр орой БНСУ-ын Бусан хотоос зургаан оюутан ирснийг ХӨСҮТ-д тусгаарлан хяналт, шинжилгээг хийж байна. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн, өвчний шинж тэмдэг илрээгүй гэдгийг мэдээллээ.

Мөн ирэх амралтын өдрүүдээр Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж мэдээ мэдээллийг шуурхай, үнэн бодитоор хүргэж байх болно гэдгийг хэллээ.