Хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяа: “ШИДЭТ ХУУДАС” ном маань амьдралын ид шидийг бүтээж байна

Хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяа: “ШИДЭТ ХУУДАС” ном маань амьдралын ид шидийг бүтээж байна

Үүрийн 04:30 минут. Солонгос улсын Аннам эмнэлэг. Ханын цаг чаг, чаг дуугаран өрөөнд нам гүн ноёлно. Аз болж нар тусдаг талд  хэвтдэг болохоор өглөөний нарны гэрэлд нүдээ анин төсөөлнө. Эх орныхоо сэвэлзүүр салхинд энхрий үрээ дээшин өргөөд эрүүл саруул инээмсэглэж байна гэж мөрөөднө. Гэнэтхэн “Эмчилгээний цаг” гэх сувилагч бүсгүйн хоолой сайхан мөрөөдлийг нь тасалж орхив. Гэвч түүний сэтгэл зүрхэнд  энэ мөрөөдөл нь үргэлж хадаастай байх бөгөөд амьдралын төлөөх тэмцэлд ямар ч эм, тарианаас илүү зоригжуулах аж...

Түүнийг Мөнхтуяа гэдэг. Эгэл жирийн энэ бүсгүйн эгэл бус амьдралын түүхийг та дуулсан биз ээ. Гаднаа туяхан, эмзэг харагдах  ч үрээ гэсэн чин сэтгэл, амьдралын төлөөх хүсэл мөрөөдөл нь түүнийг хөглөж, хүч оруулж нэг биш, бүр хоёр ч биш, гурав дахь хорт хавдартайгаа тэр тэмцэж байна. Тэрээр Солонгос улсыг хоёрдугаар сарын 7-ны өдөр хорт хавдартайгаа тэмцэхээр зорьсон бөгөөд бид түүнтэй холбогдон биеийн байдлыг нь асуун ярилцлаа.

-“ШИДЭТ ХУУДАС” НОМ АМЬДРАЛЫН МААНЬ ИД ШИДИЙГ
БҮТЭЭЖ БАЙНА-

-Сайн байна уу. Таны бие сайн уу. Эмчилгээний явц хэр үргэлжилж байна?

-Сайн. Сайн байна уу? Бие маань анх ирсэн өдрөө бодвол зовуур нь арай багасаж, өвдөлт намдсан байгаа. Өнөөдөр зургаа дахь удаагийн туяа эмчилгээндээ орсон. Ерөнхийдөө ташаанаас доош мэдээгүй байгаа. Хөлийн эрхий хурууны үзүүрээ бага зэрэг хөдөлгөж чадаж байгаа шүү. Энэ эмнэлэгт арван удаа туяа эмчилгээнд орсны дараа өвчтөндөө баяр хүргэж хонх цохидог гэсэн. Удахгүй хонх цохих ээлж маань ирнэ гэж бодохоор сэтгэл догдолж байна.

-Туяа эмчилгээ хийлгэснээр ямар үр дүн гарах вэ?

-Туяа эмчилгээ нь нуруу дагасан хавдрын өвдөлтийг намсгаж дараагийн химийн эмчилгээнд бэлдэх зорилгоор хийгддэг эмчилгээ. Туяа эмчилгээ хийж дууссаны дараа химийн эмчилгээ хийгдэнэ гэсэн үг дээ. Эхний шат учраас хагалгаа хийгдэхгүй. Хавдрын өсөлтийг багасгах, барих, жижигрүүлэх зэрэг эмчилгээнүүд хийгдэж байгаа.

-Номын хандивын аяны үйл ажиллагаа хэр зэрэг өрнөж байна. “Шидэт хуудас” номын түүх хэрхэн эхэлсэн юм бэ?

-Анх хоёр дахь хавдраа ялж гарсны дараа хүний амьдрал богинохон, юу ч тохиолдож болдог юм байна гэдгийг ойлгосон. Иймээс өөртөө байгаа санаа сэдлүүдээ бүтээл болгож хүмүүст хүргэе гэж бодсоны үүднээс зориглон номоо гаргасан юм. Харин ямар нэг байдлаар хандив цуглуулах зорилгоор эхлээгүй. Бүх зүйл маш богинохон хугацаанд болж өнгөрсөн болохоор хүмүүсээс зүгээр тусламж гуйх биш өөртөө байгаа боломжоо ашиглая гэж номоо зарах хандивын аян эхлүүлсэн юм. Аян өрнөж эхэлсэн эхний хэдэн өдөр номууд маань нэлээн идэвхтэй зарагдсан.

-Одоогоор хэчнээн ном зарагдсан байгаа вэ?

-Нийт 10000 гаруй номоос 4000-г хандивын аянаар зарж зуу гаруй сая төгрөг цуглуулж чадсан. Гэхдээ би номоо гаргаж байхдаа эмчилгээний мөнгөө олно гэж ерөөсөө санаагүй. Анхнаасаа тийм зорилгоор хийгээгүй шүү дээ. “Шидэт хуудас” ном амьдралын маань ид шидийг бүтээж байгаа нь үнэхээр гайхалтай.

Б.Мөнхтуяа: Өнөөдөр 6 дахь туяа эмчилгээндээ орно. Туяа эмчилгээ дуусахаар энэ хонхыг цохиж баяр хүргэдэг гэсэн

-ЭНЭ ОЛОН ХҮНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ ДААЖ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛОХСОН
ГЭЖ МАШ ИХЭЭР ХҮСДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-Одоо эмчилгэний зардал хэр гарч байна?

-Монголд хийгддэггүй төрлийн эмчилгээнүүд хийгдэж байгаа учраас эмчилгээний төлбөр өдөр ирэх тусам сая саяар хэмжигдэж, урсаж байна. Үнэтэй эмчилгээнүүд ч маш их хийгдэж байгаа. Эмнэлэгт байх өдөр хоног маань мөнгөтэй салшгүй холбоотой юм байна гэдгийг л маш сайн ойлгож байна даа. Бид анх авсан мэдээллээр эмчилгээ 350-400 сая вонн орчим хэрэг болох байх гэсэн тэр үндэслэлээрээ л явж байгаа. Цаашдаа эмчилгээ ямар үе шаттайгаар яаж явагдахаас шалтгаалан энэ үнийн дүн маань өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Тиймдээ ч бид нар номныхоо үйл ажиллагааг зогсолтгүй  маш эрчтэйгээр зарах шаардлагатай болж байна. Гэнэтийн хагалгаа хийгдэх болвол бид түүнд бэлэн байх ёстой шүү дээ. 

-Хэчнээн байгууллага, хамт олон таныг дэмжиж ном худалдан авсан бэ?

-Өмнө нь ажиллаж байсан албан байгууллагууд, найз нөхөд тэдний маань хамт олон надад тусалж намайг эдгэрээсэй гэсэн чин сэтгэлээр дэмжиж байна. Хамт олноороо арван ном, хорин ном, гучин ном гэх мэтээр аваад, байгууллага дотроо хандивын хайрцаг хүртэл өрнүүлж байгааг сонсоод би үнэхээр баярласан.

Мөн хөдөө орон нутгаас ч номыг маань авч байгаа. Эрдэнэт хотын “Beauty Japan Mongolia” дэлгүүр, Хүүхдийн “Hi Store” онлайн дэлгүүр, мөн  дуучин Анугийн дэлгүүр, Wonder ville хүүхдийн тоглоомын дэлгүүр гэх мэт хэд хэдэн дэлгүүр номыг маань худалдаалж өгч байгаа. Хүргэлтээр манай нөхрийн хуурай ах, дүүс гэрэл зургийн бүлгэмийнхэн болон хүргэн дүү, хар багын найзуудаас маань авахуулаад бүр хаа байсан 10 жилийн минь санаанд оромгүй найзууд бүгд эрвийх дэрвийхээр ном заралцан ажиллаж байгаа. Дурдаад байвал дуусахгүй олон хүн, их бага гэлтгүй маш их тусалсан. Энэ олон хүний итгэл сэтгэлийг дааж эрүүл саруул болохсон гэж маш ихээр хүсдэг юм байна лээ.

-Хандивын аянд албан байгууллагууд их оролцож байгаа гэсэн?

-Том байгууллагаас илүү жижиг, хүний нөөц багатай байгууллагууд маш сайн дэмжиж байгаа. Цөөхөн ажилтантай болохоор багаар илүү ажилладаг байх.  Хэрэв томоохон байгууллагууд оролцвол ном маань бэлэн байх ёстой гэж бодоод олноор хэвлүүлсэн боловч санаснаар болоогүй. Хаан банк “Хавдарын эсрэг үндэсний аян”-г арав гаруй жил, Худалдаа хөгжлийн банк бүх ерөнхий боловсролын сургуулиудын номын санг тохижуулах үйл ажиллгааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа гэж найз маань хэлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд том байгууллагуудыг хандиваас хандивын хооронд олон хүмүүст туслах боломжтой юм байна гэж би харж байгаа. Миний ном энгийн орчуулж гаргасан ном биш, өөрийн минь зохиосон гурван хүүхэд шидэт хуудас руу орон Монгол ардын үлгэрийн орноор аялдаг тухай үйл явдал гардаг их сонирхолтой ном. Нөгөөтэйгүүр зүгээр нэг хандивын аян бус, хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү дээ.

-Таныг урьд нь хандивын аян өрнүүлж хүүхдийн эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгч байсан гэж дуулсан?

-2016 онд маш олон хүүхдүүд улаан бурхан өвчнөөр өвдөж, өвчлөл газар авч байдал хүнд байгаа талаар хамаатныхаа хүүхдийг эргэхээр эмнэлэгт очоод мэдсэн юм. Тэгээд л хүмүүст мэдээлэл өгч уриалаад “Бидний гар бяцхан зүрхэнд” гээд хандивын аян өрнүүлж байсан. Хандив олон хүмүүс хүрч тухайн үед Солонгос улсаас 19 гаруй сая төгрөгийн монитортой дэлгэц, хүчил төрөгчийн болон, утлагын аппаратууд, эм тариа гуурс гээд хэрэгцээтэй зүйлсээр нь тусалж байсан. Өвдөж зовсон хүмүүсийг хараад хамгийн түрүүнд би юу хийж чадах билээ гэж боддог. Учир нь хүн их бага хэмжээгээр зовлон үзээд эхлэхээр өөрийгөө оронд нь тавьж чадах чинээгээрээ хүмүүст туслахыг хүсдэг болчихдог юм байна лээ.

-ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ОХИНОО ДЭЭШ НЬ ӨРГӨӨД ХАМТДАА ИНЭЭЛДЭН
ЗОГСОХСОН. ЭНЭ Л МИНИЙ МӨРӨӨДӨЛ-

-Та тусалж буй хүмүүсээс урам зориг, хүч авахаас гадна таниас ч маш олон хүн үлгэр дууриалал, зориг авдаг байх. Тэдгээр хүмүүст хандан юу гэж хэлмээр байна вэ?

-Надад маш олон хүн итгэл найдвар урам зориг хайрлаж байгаа. Өдөр болгон миний төлөө залбирч байгаа гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Тэр сайхан сэтгэлт хүмүүсээс маш их хүч зориг, тэмүүлэл авдаг. Би энэ өвчний ард гарна. Бусдад хүч өгөх гүүр нь болохын тулд хүчтэй байна гэж өөрийгөө байнга зоригжуулдаг. Эдгээр хүмүүс байхгүй байсан бол яах байсан бол гэж бодохоос ч айдаг шүү. Гурван удаа битгий хэл нэг удаа хавдраар өвчилбөл амьдрал нь дуусна гэж зарим хүн боддог. Иймээс юу ч тохиолдсон яг одоо амьсгалж байгаадаа баярлаж, тэмцэх хэрэгтэй. Би маш олон хүнд энэ хавдрыг ялаад итгэл найдварын гал болж өгмөөр байна. Мөн миний оюуны өмчийг үнэлээд гурав дахь хорт хавдраа ялан дийлэхэд тус болооч гэж томоохон байгууллагуудаас чин сэтгэлээсээ хүсч байна. Бусдад надаар дамжуулан урам зориг өгөх үйлсийг номоор маань дамжуулан хийгээсэй.

-Эдгэрээд хамгийн түрүүнд юу хийнэ гэж мөрөөдөж байна. Таны мөрөөдлөөр ярилцлагаа өндөрлөе...

-Би амьдралынхаа шидэт хуудсаа нээчихсэн. Цаашид маш олон хүний шидэт хуудсыг нээсэн гайхалтай зүйлсийг хийж байгаагаар мөрөөддөг. Бас охин шиг маань бяцхан хүүхдүүд эрүүл байгаасай, гэрэлт ирээдүйтэй байгаасай гэж залбирч байна. Онгоцны буудал дээр охиноо дээш нь өргөөд хамтдаа инээлдэн зогсох сон. Энэ л миний мөрөөдөл.

Зарим хүний хувьд охиноо өргөөд хамтдаа инээлдэн зогсох нь энгийн л зүйл. Харин зарим хүний хувьд мөрөөдөл нь байдаг аж. Таны хүүхдэдээ авсан “Шидэт хуудас” номоор  Б.Мөнхтуяагийн амьдралд шид шидийг бүтээж, мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртуулна гэдгийг бүү мартаарай.

2020.02.22 Солонгос улс. Аннам эмнэлэг. Ханын цаг чаг, чаг дуугаран өрөөнд нам гүн ноёлно. Дахин нэг өглөөг энэ туяхан бүсгүй амьдрах эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүллээ. Эх орноо, энхрий охиноо эрүүл саруул тэвэрч байгаагаар төсөөлнө, мөрөөднө...

ХАНДИВЫН ДАНС: 5133099922 Б.Мөнхчимэг /төрсөн дүү/

Та ном авч хандив өгөх бол 88024457, 88018046, 88058712 утсаар холбогдоод захиалга өгөөрэй




Өнөөдөр бар өдөр

42 минутын өмнө