Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.24/ болж, ИТХ-ын дарга болон Засаг даргын томилгооны асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын даргаар МАН-ын төлөөлөгч Г.Бат-Орхоныг томилсон бол Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс А.Дашбатыг дэвшүүлсэн байна. Гэтэл Н.Лхагвадорж заалнаас нэрээ дэвшүүлж, намын бодлогоо сөржээ. Ингээд санал хураахад 41 төлөөлөгчийн 21 нь Н.Лхагвадоржид, 19 нь А.Дашбатад саналаа өгснөөр Н.Лхагвадорж Засаг даргаар сонгогдсон байна. Түүнийн хувьд 2021-2024 оны хугацаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга зэрэг ажлыг хийж байсан юм. Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 19 нь Ардчилсан намаас, нэг нь ХҮН намаас, 21 төлөөлөгч нь МАН-аас сонгогджээ.