УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн /БОУАӨ/ сайд С.Одонтуяагийн мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат "Говийн бүсийн аймгууд цөлжилт, газрын доройтолд үлэмж нэн хүчтэйгээр өртсөн. Газрын доройтлоос бид яаж гарах юм бэ, боломж байна уу. Энэ чиглэлд салбар ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Түүний асуултад БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Монгол Улсын цөлжилтийн асуудал гамшигийн хэмжээнд хүрсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдэн өдрийн өмнө уг асуудлаар яаралтай ажлын хэсгийн хуралдааныг зарлаж, мэдээлэл сонссон. Хөрсний доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлдэж байсан. Ерөнхийлөгчийн хувьд "Цөлжилтөөс урьдчилан сэргийлнэ гэж байхгүй одоо тэмцэнэ" гэж хэлсэн. Тэгэхээр тус хуулийг тун удахгүй Ерөнхийлөгч өөрөө өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн төсөл бэлэн болсон. Цаашид цөлжилтийн талаар олон арга хэмжээ авна. 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг манай улс зохион байгуулна. Цөлжилтийн бага хурлыг зохион байгуулсан оронд урт хугацаанд том хөрөнгө оруулалт орж ирдэг. Энэтхэг улс энэ бага хурлыг 2019 онд зохион байгуулаад 26 сая га газрыг нөхөн сэргээх амлалт бүхий төслийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн 2026 оныг бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилга гарч байгаа. Бэлчээрийн хомстол, цөлжилтийн асуудлыг энэ хүрээнд нухацтай авч хэлэлцэнэ. Би сая говийн аймгуудаар нэлээн явж судаллаа. "Тэрбум мод" үндэсний хүрээнд боловсон хүчний асуудал тулгарч байгаа. Учир нь тэнд ажиллах боловсон хүчин алга" хэмээн хариуллаа.
ВИДЕО: