СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 793 болон нэмэгдээд байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 793 болон нэмэгдээд байна

Манай улсын иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдөр /2020.02.24/-ийн байдлаар БНСУ-д 793 хүн халдвар авч, долоон хүн нас бараад байгаа ажээ.

Иймд БНСУ-аас ирж байгаа монгол иргэд “иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай” байгаа талаар манай улсын албаныхан мэдээлж байна.

Өчигдөр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн хоёр, нэг гэр бүлийн дөрөв, нийт зургаан Солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүлсэн байна. 

Мөн өчигдөр оройн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 Монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24 нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажилласан байна.