ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан Монголын иргэн БНСУ-д халдвар авсан байх магадлалтай

2020-02-25 11:29

ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан Монголын иргэн БНСУ-д халдвар авсан байх магадлалтай

БНСУ-ын Намьянжv хотод оршин суугч 35 настай Монгол Улсын иргэн эрэгтэйгээс шинэ төрлийн Коронавирус илэрсэн, харин түүний эхнэр болоод эгчээс нь халдвар илрээгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байгаа. 

Тэгвэл энэ тухай манай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж ”Тус иргэн нь элэгний хурц үрэвсэлтэй, хоёрдугаар сарын 12 /2020.02.12/-ны өдөр Монголоос БНСУ-д очсон. Үүнээс үзвэл коронавирусийн нууц үе өнгөрсөн. Иймд тухайн иргэн БНСУ-ын дүүргийн эмнэлгүүдээр явж байхдаа халдвар авсан байх магадлалтай байна. Мөн түүний эхнэр, эгчээс нь вирусийн шинжилгээ авахад сөрөг” гэсэн юм. 

Тодруулбал, БНСУ-д өнөө өглөөний 09:30 цагийн байдлаар CoVid-19 коронавирусээр дахин 60 хүн халдвартай болох нь тогтоогдож, нийт халдвар авсан хүний тооо 894 болж нэмэгджээ. Халдвар авсан иргэдийг бүс нутгаар нь ангилбал Дэгү хотоос 16 хүн, Кёнбук аймгаас 33 хүн, Кёнги аймгаас 5, Бусан хотоос гурав, Сөүл хотоос хоёр, Кённам аймгаас нэг хүн тус тус халдвар авсан батлагдсан байна. Тус улсад коронавирусээр нас барсан хүний тоо наймд хүрээд байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 80,150-д, нас барсан хүний тоо 2,701-д хүрчээ. Үүнээс БНХАУ-д нийт 77,659, БНСУ-д 894, Италид 231 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

2020-02-25 10:04

"БНСУ-д 35 настай Монгол залуугаас коронавирус илэрсэн" гэж мэдээлэв

БНСУ-ын Намьянжv хотод оршин суугч 35 настай Монгол Улсын иргэн нэгэн эрэгтэйгээс шинэ төрлийн Коронавирус илэрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэ нь Намьянжv хотод илэрсэн Коронавирусийн анхны тохиолдол ажээ. 

Мөн тухайн иргэнтэй хамт амьдардаг түүний Монгол эхнэр болоод эгчээс коронавирусийн шинжилгээ авч, түүнтэй холбоо тогтоосон хүмүүсийг шалгаж байгаа ажээ. Иймд БНСУ-ын иргэдийг сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа ажээ. 

Одоогоор тус эрэгтэйг Сөүлийн үндэсний их сургуулийн Бунданг эмнэлэгт хүргэж, тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байна гэж мэдээлжээ. Мөн зарим хэвлэлд тухайн залуу энэ сарын 20-ны өдөр Монголоос БНСУ-д ирсэн гэж мэдээлжээ. Бид мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулаад эргэн мэдээллэх болно. Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Naver.com