ВИДЕО: Богд уулыг нүхэлж хийх туннел,  Туул гол дээгүүрх ган татлагат гүүрийг барих ажлын хүрээнд Ханжоу хотын сайн туршлагатай танилцлаа

ВИДЕО: Богд уулыг нүхэлж хийх туннел, Туул гол дээгүүрх ган татлагат гүүрийг барих ажлын хүрээнд Ханжоу хотын сайн туршлагатай танилцлаа

Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тус төслүүдийнх талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

ВИДЕО: 

-ХЯТАДЫН АНХНЫ ГАН ТАТЛАГАТ ГҮҮР НЬ 1.3 КМ УРТТАЙ БОЛ МАНАЙД БАРИХ ГҮҮРИЙН 4.7 КМ УРТТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА-

Тус 14 төсөлд "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, "Хөшигийн хөндий туннел" барих ажил багтаж буй. Уг төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэгвэл эдгээрийг барьж, байгуулах зорилттой уялдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод ажиллаж, тус хотын ижил төстэй бүтээн байгуулалттай танилцан албаныхантай санал солилцлоо. Түүний хувьд энэ сарын 04-07-ны өдөр БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа юм. Тодруулбал, өчигдөр /2024.11.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцсан юм. 

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино. Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ. Харин Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Тэд мөн туннел барихад салхины урсгал, гэрэлтүүлэг зэрэг хэд, хэдэн зүйлд анхаарах шаардлагатайг БНХАУ-ын талаас сануулж байлаа. 

-15 КМ ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТУННЕЛ БАРИХ АЖЛЫН СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА-

Харин манай барихаар зорьж буй  “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэй байхаар төлөвлөсөн. Гүүрийн байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийн амралт, аяллын зориулалтаар тохицуулах төслийн бүрэлдэхүүнд багтана. Тус төслийн зураг төсөл, ТЭЗҮ-д шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгасан. Харин “Хөшигийн хөндийн туннел” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгасан. Хөшигийн хөндийн туннел нь 15.2 км урт бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулсын Номтын ам руу барихаар төлөвлөсөн юм.

Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан " Эндхийн туннелийн гүн 17 метр бөгөөд дундаа нэг ил гарч байна. Харин манайх өндөр уултай учраас хамгийн багадаа 300 метрийн гүнд байна.  Мөн хоёр талаасаа ил гардаг байхаар төлөвлөж байгаа. Агааржуулалт, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал, гадны агаараас битүүмжлэх асуудал дээр онцгой анхаарах ёстой гэдгийг тус улсын албаныхан ихээхэн анхаарууллаа. БНХАУ нь 2014-2017 оны хугацаанд энэ тунеллийг барьсан байна. Тэр үетэй харьцуулахад технологи сайжирсан. Бидний хувьд хамгийн хурдан арга буюу тэсэлгээг сонирхон судалж байгаа" гэлээ.