БАРИМТ: Т.Доржханд "Эрчим хүчний реформын хорооны ажлыг 10 тэрбумаар сурталчилна" гэсэн бичгийг Сангийн яаманд явуулаад 8 тэрбум болгуулжээ

БАРИМТ: Т.Доржханд "Эрчим хүчний реформын хорооны ажлыг 10 тэрбумаар сурталчилна" гэсэн бичгийг Сангийн яаманд явуулаад 8 тэрбум болгуулжээ

Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Энэ хороо ирээдүйд эрчим хүчийг экспортлох "мөрөөдөлтэй" ч одоогоор цахилгааны үнэ нэмснээс өөр ажлыг  хийгээгүй байгаа юм. Тэр бүү хэл хийх ажлын нарийн төлөвлөгөөгөө ч он цагийн дараалалтай танилцуулаагүй. Уг хороонд УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн орж ажиллаж байсан бөгөөд үндэсний хорооноос төлөвлөсөн 6 ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж ажиллаж байсан юм.

-С.ЦЭНГҮҮН: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО НЬ МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗАРДАЛД 8 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨСӨН БАЙГААГ МЭДЭЭД ТУС ХОРООНООС ГАРЧ БАЙНА-

Гэтэл тэрбээр тус хорооноос гарахаа саяхан /2024.12.09/ олон нийтэд мэдэгдэж, цахим хаягтаа тайлбар хийсэн. Тэрбээр уг мэдэгдэлдээ “Өчигдөр буюу 2024 оны 12-р сарын 08-ний өдөр Төсвийн ажлын хэсгийн хурлын үед 2025 оны төсөвт 8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байгааг олж мэдээд цочирдон хүлээн авлаа. Миний хувьд улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.

Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээс хойш эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд мэдээлэл дутмаг байсан тул хорооны ажлын албанаас би дараагийн төлөвлөгөөт ажлуудаа даруй эхлүүлэхийг мөн хорооны гишүүдэд нээлттэй мэдээлэл өгөхийг шаардаж байв.

Уг төсөв өндөр дүнгээр батлагдсан ч, эс батлагдсан ч энэхүү хариуцлагагүй сэжигтэй үйлдлээс шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа би үүгээр мэдэгдэж байна. Миний нэрийг ашиглаад юунд нь ашиглах нь тодорхойгүйгээр "хэвлэл, мэдээллийн зардалд" нэртэй 8 тэрбумыг тусгуулсан нь байж болзошгүй зүйл. УИХ-ын гишүүд бид "Төсвийг танах ёстой. Жижиг төсөв байх ёстой" гэж ярьдаг байж ийм хариуцлагагүй байж болохгүй. Миний хариуцаж байгаа ажлын хэсэгт ийм дүн тавиулаад явуулж болохгүй” гэсэн юм.

-ГЭТЭЛ Т.ДОРЖХАНД НЬ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ЗАРДАЛДАА 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛҮҮЛЭХИЙГ САНГИЙН ЯАМНААС ХҮСЭЭД 8 ТЭРБУМ БОЛГУУЛЖЭЭ-

Тэгвэл Т.Доржханд нь өөрийн ахалж буй "Эрчим хүчний реформ"-ын үндэсний хороондоо 14 орчим тэрбум төгрөгийг төсөвлүүлэхээр Сангийн сайд Б.Жавхлан руу бичиг хүргүүлж байжээ.

Тодруулбал, тэрбээр 2024 оны аравдугаар сарын 04 /2024.12.04/-ны өдөр Сангийн сайд Б.Жавхланд илгээсэн бичигтээ "Эрчим хүчний үндэсний реформын үндэсний хороог байгуулж, тус хорооны ажлын албаны үйл ажиллагааны зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосон байна. Иймд тус үндэсний хорооны ажлын албаны холбогдох төсвийг улсын төсөвт тусгаж өгнө үү" гэсэн байдаг. Ингээд хавсралт болгон ажлын албаны төсвийн задаргааг явуулжээ.

Уг задаргааны хүснэгтээс харвал мэдээлэл, сурталчилгааны зардалд 10 тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхийг хүсчээ. Энэ зардлыг Сангийн яамнаас буулгаж 8 тэрбум төгрөг болгон баталж өгсөн нь өнөөдрийн маргаан болоод байгаа юм. 

Уг үйлдлээ Т.Доржханд үгүйсгээгүй бөгөөд Эрчим хүчний үндэсний хорооны ажлыг үнэн, зөв сурталчилсан хэвлэлтэй хамтарч ажиллана гэж "томорсон". Ингэхдээ тус хорооны ажлын албаны олон нийттэй харилцах үүргийг гүйцэтгэж байсан С.Цэнгүүнтэй зөвшилцөөгүй, түүний хариуцсан ажлын нэрийг барьж энэ мөнгийг суулгуулсан байгаа юм. Хамгийн гол нь С.Цэнгүүн нь эрчим хүчний реформыг олон нийтэд ойлгуулахад ийм их хэмжээний хөрөнгө хэрэггүй, улсын төсвийг ингэж үргүй зарцуулах шаардлагагүй гэж буй. Т.Доржхандын ажлын алба нь ирэх онд хэр их хэмжээний мөнгийг юунд зарцуулах тухай мэдээллийг доорх хүснэгтээс харна уу. 

Т.Доржхандын ахалж буй Эрчим хүчний реформын ажлын албаны зардлын задаргаа




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө