ЭМЯ: Хөл хорио тогтоосноос хойш сүрьеэ, гэдэсний халдварын өвчлөл буурсан

ЭМЯ: Хөл хорио тогтоосноос хойш сүрьеэ, гэдэсний халдварын өвчлөл буурсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар ээлжит хурлаа хийлээ. Гуравдугаар сарын 1-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Харин өчигдөр /2020.03.02/ тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

Мөн өнөө өглөө Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 111 зорчигч ирнээс 16 хүнийг ажиглалт болон тусгаарлан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирсэн байна. Үүнээс урьдчилсан байдлаар долоон хүнийг ажиглалтад авчээ. 

ЭМЯ-аас халдвар эрчимжиж буй Япон, Солонгос улсаас манай улсад ирж буй иргэдэд онгоцонд суухаас нь өмнө үзлэг хийн халууныг нь хэмжих, сэжигтэй тохиолдол илэрвэл онгоцонд суулгахгүй байх арга хэмжээ авах хүсэлтийг холбогдох улсуудад илгээжээ.

Түүнчлэн халдварт өвчин гарч хөл хорио тогтоосноос хойш манай улсад сүрьеэ, гэдэсний халдварт өвчлөл буурсан байна. Мөн томуу, томуу төст өвчлөл буурч, эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн гэлээ.

Дэлхий дахины нөхцөл байдлын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “БНХАУ-д өчигдрийн байдлаар 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хараахан зарлаагүй ч сүүлийн 24 цагийн дотор дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд БНХАУ-аас ес дахин их байна.

Солонгос, Япон, Итали, Иран гэх мэт улсууд анхаарал татаж байгаа бөгөөд Иранд 4 хүн нас барсан бол Италид халдвар авсан хүний тоо хоёр мянга давж, нас баралт 18 тохиолдлоор нэмэгджээ. БНХАУ-аас бусад улсад гарч байгаа тохиолдлын 81 хувь нь дээрх дөрвөн улсад голомтлон гарч байгаа бол 130 улсад халдвар илрээгүй байна” гэлээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө