ЭМЯ: Дэлхийн 76 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн

ЭМЯ: Дэлхийн 76 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч ажиллаж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Одоогоор дэлхийн 76 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Мөн улс орнууд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлах гэж буй бол Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрвөн долоо хоногоор хаасан" гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж, буурсаар байна. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа.

Коронавирус улиралын томуугийн вирусээс ялгарах ялгааг дурдая: Тухайлбал:

-Covid-19 халдварын шинэ тэмдэгтэй хүмүүсээс халдварыг тархааж байна.

-Улирлын томуугаас илүү хүнд явцтай. Улирлын томуугийн нас баралт 1 хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна.

-Улиралын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин байхгүй

-Улирлын томууг таслан зогсоох боломжгүй бол Covid-19 тархалтыг эрт арга хэмжээ авснаар хязгаарлах боломжтой.

Дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгсэл асуудал болж байна. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргажээ.

Мөн Мэргэжлийн хяналтын газар хилийн боомтууд дээр 24 цагаар шуурхай ажиллаж байна.