Боловсрол, соёл, шинэжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын хуулийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, "Сайд нь ч алга. Салбарын байнгын хорооныхоо хурыг хүндэлдэггүй Засгийн газрын гишүүн юу хийж явахыг би хэлж мэдэхгүй юм. Таван асуулт байна.
- Боловсролын бүх тогтолцоонд Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж заасан. Дээд боловсролын тогтолцооны хувьд энэ асуудал хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
- Их дээд сургуулийн ранк буюу чанарын үзүүлэлт ямар байгаа талаар нийтэд нээлттэй зарладаг байх ёстой хуулийн заалт бий. Энэ хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна? Хүүхдүүд сургуулиа сонгоод орохын тулд аль нь хаана байгааг нь харж байгаад сонгох ётсой шүү дээ. Бид хуулийг хийхдээ ч яг ингэж хийсэн. Энэ заалт яагаад хэрэгжихгүй байна вэ?
- Хувийн сургуулиуд гадна дотнын том том хөтөлбөртэй гээд реклам хийдэг. Аав ээжүүд зах дээр зогсож жилийн турш олсон мөнгөө хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгчихдөг. Гэтэл тэр олон улсын хөтөлбөр нь олон улсын чанарыг хангаж байгаа талаар Боловсролын яам хувийн сургуулиудаас нь шахаж аваад албан ёсоор зарладаг байх тогтолцоог бид хуулиар хийж өгсөн. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна?
- Монголд жалгаар нэг доктор боллоо. Чулуу аваад шидэхэд нэг доктор ононо шүү. Хуулалтын эсрэг үндэсний байгууллага байгуулах ёстой. Бүх судалгааны ажлыг хянадаг байгууллага байх ёстой гэж хуулинд заасан. Энэ яагаад хэрэгжихгүй байна?
- Хөгжил дэвшилд нэн шаардлагатай бүтээн байгуулалтанд хэрэгтэй мэргэжилтнүүдийг зарлаж, түүндээ тэтгэлэг олгодог байх хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байна?
Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд,
- Монголын их, дээд сургуулиуд дээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн 20 хүртэлх хувийг энэ дөрвөн жилд Англи хэл дээр хэрэгжүүлнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Одоогоор 300 орчим хичээлийн хөтөлбөрийг англи хэл дээр хийж байна.
- Их, дээд сургуулиудын ранкийг 2022 он болон 2024 онд хийсэн.
- Монгол Улсад 19 их, дээд сургуулиуд дээр 39 доктор хамгаалуулах дэд зөвлөл ажиллаж байна. Дээд боловсролын тухай хуулинд зааснаар хуулалтын болон докторын нэгдсэн бүртгэлийг шинжлэх ухаан технологийн сантай хамтарч хийгээд нэгдсэн санг бүрдүүлж байна.
- Дээд боловсролын тухай хууль болон Боловсролын ерөнхий хуулин дээр эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил, аргачлалыг Засгийн газраас батална гэж заасан. Өнгөрсөн оны гуравдугаар сард нийт эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийг зарласан байсан" гэлээ.
ВИДЕО: