ЭМЯ: Монгол улсад  496 иргэн тусгаарлалтанд байна

ЭМЯ: Монгол улсад 496 иргэн тусгаарлалтанд байна

Эрүүл мэндийн яам COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад гурван чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица "БНХАУ-ын жишээнээс харахад нас баралт болон шинэ тохиолдлын тоо өдөр ирэх тусам багассаар байна. COVID-19 халдвар дэлхийн 86 улсад бүртгэгдээд буй ч Азийн нэг, Европ, Ойрх Дорнодын гурван оронд голомтлон тархаж байна.

Өвчлөлийн ерөнхий байдлыг харвал олон улсад тархаж байгаа ч хязгаарлах боломжтой байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал тэмдэглэн хэлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нааштай хандлага харагдаж байгаа. Тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд шинэ голомт үүсээгүй.

Монгол Улсад COVID-19 халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бүх талын арга хэмжээг авч байна. Үүний адилаар тохиолдол гараагүй байхад бүх салбарыг дайчлан, халдвар гарсан нөхцөлд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх төр засгийн дэмжлэг нь бусад оронд зайлшгүй хэрэгтэй байна.

Мөн ДЭМБ-ийн Яаралтай тусламжийн багийн ахлагч Хауке Флориан “Монгол улсын эмнэлгийн байгууллагууд сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байгааг бид өнгөрсөн хэд хоногт ажигласан. Эрүүл мэндийн байгууллагуудтай өдөр бүр хамтран ажиллаж байна. Тодруулбал, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн аюулгүй өмсөж, тайлах, тусгаарлах явцдаа анхаарах зүйлс гээд олон чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Цаашид хөдөө орон нутгаар явж сургалтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна”гэлээ.

ДЭМБ-ийн зөвлөх багийн ажилтны өгсөн зөвлөмжөөр:

-Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур эсвэл тохойгоороо таглах

-Ханиаж буй хүмүүсээс 1.5 метрийн зайд байх

-Гараа цаг тутамд сайтар савандаж угаах

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 858 иргэнийг ажиглалтад авснаас одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдлоор 256 тохиолдлыг авч, хяналт шинжилгээ хийсэн. Итали Улсаар зорчсон гурван иргэн Алтанбулгийн хилээр орж ирсэн тохиолдол бий. Нийт гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. Өнөөдөр /2020.3.6/ Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 104 иргэн ирснээс 17-г нь ажиглалтад авсан. Тавыг нь ХӨСҮТ-д, 12-нь Бага Баянгийн амралтын газарт аваачсан. Зорчигчдын хоёрт нь халуурсан, халиалгасан гэсэн зовуурь байгаа тул ХӨСҮТ-д аваачсан” гэсэн юм.

ДЭМБ-аас манай улсад 560 кг бүхий хувийн хамгаалах хэрэгслийг гардуулжээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө