ОРЧНЫ СУРВАЛЖИЛГА: ХӨСҮТ, Асралт мед эмнэлэгт тусгаарлагдсан иргэд томоотой сайн байна

ОРЧНЫ СУРВАЛЖИЛГА: ХӨСҮТ, Асралт мед эмнэлэгт тусгаарлагдсан иргэд томоотой сайн байна

Хаврын урь орсон дулаахан өдөр... Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бор шаргал барилга дээр нар тусан орчныг илүү дулаахан, тайван харагдуулж байлаа. Гэвч эргэн тойрон чимээ аниргүй, эл хуль оргино. Учир нь шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 дэлхий даяар дэгдсэнтэй холбоотой хөл хорионы өдрүүд Улаанбаатар хотод үргэлжилсээр байна. Улаанбаатарын гудамжаар төрөл бүрийн масктай иргэд алхаж харагдавч тэдний дотор бага насны хүүхэд харьцангуй цөөн. Бид тусгаарлагдаж буй иргэдийн орчин, нөхцөл байдалтай танилцахаар ХӨСҮТ-ийг зорьсон нь энэ. Эмнэлгээс орж гарах хүн ер харагдахгүй ч хаа нэг эмнэлгийн ажилчид яваа харагдана.

-ХӨСҮТ-ИЙН 3 БОЛОН 7-Р ТАСАГТ ИРГЭДИЙГ
ТУСГААРЛАЖ БАЙНА-

Эмнэлгийн эргэн тойронд амны хаалтгүй нэг ч хүн үзэгдэхгүй бөгөөд тэд үүднээсээ эхлэн хяналт, шалгалтыг сайн хийж гүйцэтгэж байгаа нь бахархмаар. Бидний хажуугаар ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС хамгаалах хувцас хэрэглэл өмссөн ажилчид өнгөрсөн нь өөрийн эрхгүй анхаарал татав. Асууваас тусгаарлаж буй иргэдийн тасагт ариутгал, цэвэрлэгээний ажил хийгээд буцаж буй нь энэ аж.  

Таван удаагийн эрсдлийн үнэлгээгээр ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хэмээх дүгнэлт гарсан манай улсад одоогоор шинэ коронавирус буюу COVID-19 халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

Бид тусгаарлагдсан иргэдийн талаар эмнэлгийн ажилчдаас тодруулахад ”Энэ хэсэгт хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа. Хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй нэвтрэх нь маш эрсдэлтэй. Зөвхөн эмнэлгийн эмч ажилчид тусгай зөвшөөрөлтэйгээр, хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөн нэвтэрч байна. Ингэхдээ мөн аль болох орж, гарахгүй байхыг хичээн ажиллаж байгаа. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдлыг хянаж ажиллаж буй эмч нар ч гаралгүй дотроо тусгаарлагдан ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

-ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД 24 ЦАГААР ЖИЖҮҮРЛЭН
АЖИЛЛАЖ БАЙНА-

Иргэдийн тусгаарлагдаж буй 7-р тасгийн гадаа цагдаагийн гурван албан хаагч орчны нөхцөл байдлыг хянан, ажил үүргээ гүйцэтгэж байлаа. Тэд нэг ээлжиндээ 3-4 хүний бүрэлдэхүүнтэй гардаг бөгөөд 24 цагаар ээлж солигдон ажилладаг аж.

Орчны нөхцөл байдлын талаар цагдаагийн ахлагч С.Мөнхбилэгээс тодруулахад, Одоогоор гарсан зөрчилгүй харьцангуй тайван байна. Бид хөл хорио тогтоосон цагаас эхлэн 24 цагийн турш хариуцлагатайгаар жижүүрлэж байгаа. Хамгаалалтын хувцас хэрэгсэл тарааж өгсөн. Шаардлагатай нөхцөл байдал бий болвол дотогш орж ажиллахад бэлэн” гэсэн юм.

Шинэ коронавирусийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой тусгаарлагдаж буй иргэдийг Улаанбаатар хотод одоогоор таван газар тусгаарлан, хяналтанд байлгаж байгаа юм. Бид дараа нь тэдний нэг болох “Асралт мед” эмнэлгийг зорилоо.

-“АСРАЛТ МЕД” ЭМНЭЛЭГТ 32 ГАРУЙ ИРГЭНИЙГ
ТУСГААРЛААД БАЙНА-

Бид “Асралт мед” эмнэлгийн гадаа 18:00 цагийн үед очиход мөн л эл хуль байдал тосон авсан юм. Цагдаагийн албан хаагчид хяналт тавин ажиллаж байлаа.

Цагдаагийн албан хаагч Х.Бат-Эрдэнээс “Асралт мед” эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Одоогоор 32 гаруй хүн уг эмнэлгийн 7 давхарт тусгаарлагдаж байна. Ноцтой гарсан зөрчилгүй. Бид 4-5 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдалд ажиллаж байна. Хэнийг ч оруулж, гаргахгүй байна” гэсэн юм.

БНСУ-ын хилийг энэ сарын 12-ны өдрийг түр хугацаагаар хаасан хэдий ч иргэд өөр улсын нислэгээр дамжин орж ирсээр байгаа юм. Ингэхдээ асуумжийн хуудсыг худлаа бөглөх, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхээс зайлсхийн тэдний ажилд саад учруулсаар байна. Харин өнгөрсөн сар шинийн өдрүүдээр хөдөө орон нутагт тусгаарлагдаж буй иргэд архидан согтуурсан, тусгаарлалтаас гарахыг оролдсон зөрчлүүд гарсан хэмээн ЦЕГ-аас мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан хөл хорионы хугацаа дууссаны дараа зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцохоор болжээ.