ЭМЯ: БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй буурч байна

ЭМЯ: БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй буурч байна

ЭМЯ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнөөдрийн байдлаар "COVID-19 халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгджээ.

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байгаа бол БНХАУ-д халдварын тоо эрс буураад байна.

Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай нь манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учрууж байна.

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна" хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.

ДЭМБ-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор дэлхий даяар 101,927 тохиолдол бүртгэгдэж,  106 хүн нас барж,  нийт нас барсан хүний тоо 3486 болжээ. Шинээр Колумб, Перу, Санта , Того, Серб зэрэг таван оронд бүртгэгдсэн. Харин Хятад улсад нас баралт 28-аар нэмэгдэж, 102 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар тууштай буурч байгаа гэдгийг  харуулж байна хэмээн ДЭМБ-ийн ажилтан Ариунтуяа онцлон хэллээ.

Харин бусад орнуудад тохиолдлын тоо 3633-аар нэмэгдсэнээс Иранд 1234,  Италид 778,  Солонгост 483, Герман, Испани, Франц улсуудад хоногт 100-с дээш тохиолдол бүртгэгдэн голомтлон тархаж байна.