ЭМЯ: Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо яаралтай буцах хүсэлт гаргасан

ЭМЯ: Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо яаралтай буцах хүсэлт гаргасан

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр:

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн нэг иргэнийг тусгаарлалаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Япон, Солонгост манай иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн.

3000 гаруй иргэн гуравдугаар сарын сүүлчээр Монголд зорчих билетээ бичүүлжээ. Хятад, Япон, Солонгос, Итали, Иран улсаас зорчигч хүлээн авахгүй. Монгол Улсын иргэн бол 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журам мөрдөгдөж байна. Өнөөдөр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Япон, Солонгосоос ирэх иргэд Москва, Берлиний чиглэлийн нислэгээр ирэх боломжтой, ирээд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй” гэж мэдээллээ.

Мөн Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд гарч буй COVID-19 халдварын шинэ тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Номхон далайн баруун эрэгт байгаа “Grand princes" далайн аяллын хөлөг онгоцыг Калифорни мужийн Оакланд хотын боомтод зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргалаа. Уг онгоцон дээр байгаа Калифорни мужийн оршин суугчдыг боомтын ойролцоох агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Тус мужийн 1,000 гаруй оршин суугч байгааг мэдээлсэн. Бусад мужийн иргэдийг Техас, Жеоржиа мужийн агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Харин гадаад улсын иргэдийг эх оронд нь буцааж, хөлгийн багийнхныг онгоцон дээр нь тусгаарлахаар болжээ.

АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 550-д хүрээд байгаа. Нийт 34 муж улсад халдвар гарснаас найман мужид онц байдал зарласан бөгөөд нийтдээ 21 нас баралт бүртгэгдээд байна.

Итали улсад сүүлийн нэг өдрийн дотор 133 хүн нас барж, нийт нас баралт 366-д хүрсэн. Шинэ халдварын тоо 25 хувиар өсөж, 7,375-д хүрсэн гэсэн мэдээлэл байна.

БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Вирусийн тархалтыг таслан зогсоохоор улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцуулбал,

Итали улс 14 мужийг хамарсан өргөн хүрээний хорио цээр тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд:

-Тэдгээр муж улсаас орох, гарах, хоорондоо зорчих бүх хөдөлгөөнийг хаах

-Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хаах

-Кино театр, үзвэр үйлчилгээний соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох

-Спортын болон хүн олноор цуглах бүх арга хэмжээг цуцлах

-Баар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах бол үйлчлүүлэгч хоорондын зай дор хаяж нэг метр байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

-Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, халуурсан бол өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьж байгаа юм байна.

Хязгаарлалтад орсон муж улсуудад нийтдээ 16 сая хүн ам амьдардаг.

Катар улс гуравдугаар сарын 9-нөөс эхлээд нэмэлтээр 14 улсаас зорчигч хүлээн авахгүй болсныг тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Саудын Арабын Вант улс мөн хэд хэдэн улсаас агаарын болон усан замын тээврээр зорчигч хүлээн авахгүйгээ мэдэгдсэн" гэдгийг хэллээ.