Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурна

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурах нь ээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд тал, хээрийн нутгаар, 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +3…-2 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна