Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг хулгайлах төрлийн гэмт хэргийн цөөнгүй хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлдэг байна. Он гарсаар буюу өнгөрсөн нэг сарын хугацаанд тээврийн хэрэгслийг хулгайлах, эд ангиудыг нь тонох зэрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 132 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн саяхан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэг этгээдүүд гурван тээврийн хэрэгслийн цонхыг хагалан эд зүйл хулгайлсан үйлдлийг хяналтын камерын тусламжтайгаар цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Эдгээр бүлэг этгээдүүд нь шөнө оройн цагаар орчин нөхцөлөө судлан, удаан хугацаанд хараа хяналтгүйгээр орхисон тээврийн хэрэгслүүдийг сонгон эд ангиудыг нь тонож, гэмт хэрэг үйлддэг байна. Иймд иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар хараа хяналтгүй газарт орхихгүй байх, тээврийн хэрэгсэлдээ тохиолол, хамгаалалтын систем байрлуулах зэргээр өөрийн эд хөрөнгөө хулгайд алдах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна.