Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг үнэлсэн судалгааны тайлангаа өнөөдөр /2025.02.19/ танилцуулав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны аравдугаар сард эхлүүлж, өнөөдөр судалгааны үр дүнг танилцууллаа.
Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Монгол Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа чухал хувь нэмэр оруулахыг албаныхан онцоллоо.