Дэлхийн театрын өдөр “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо хэвлэлийн бага хурал хийж, “Монгол хаан” жүжгийг ирэх 10-р сарын 10-20-нд Токио хотноо, 24-26-нд Нагояа хотноо тус толилуулахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Монгол-Японы хамтарсан Vivant цувралын жүжигчин Б.Барслхагва, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Япон Улсын продюсер Грег Сүзүки нар оролцов. Мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцжээ.
Найруулагч Б.Баатар 2000 гаруй жилийн төрт түүхтэй Дорнын эртний хоёр улсын хувьд бие биенээ илүү танин мэдэх холбоос нь театрын урлаг болж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Тэрээр Монголд театрын урлаг 200 гаруй жилийн тэртээ Говийн ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөө” жүжгийг дэглэн тавьснаас эхлэлтэй бөгөөд Ноён хутагт Япон шавьтай байсныг дурдав. Мөн “Монгол хаан” жүжигт Хүннү гүрний үеийн археологийн олдворуудыг сэргээн урласнаар энэхүү жүжиг нь нүүдэлчдийн соёлын цогц сурталчилгаа болж байгааг онцлов.
Ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг нар Монгол, Их Британи, Сингапурт тоглож, мэргэжлийн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Монгол хаан” жүжиг нь театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг дурдаад Азийн театрын контент дэлхийд танигдах нь Ази тивийн улс орнуудад томоохон ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тус жүжгийг АНУ-ын Бродвэй театрт тоглох яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг мэдээлэв.
“Монгол хаан” жүжгийн Япон улс дахь продюсинг компани Tremendous Entertainment-ын захирал Грег Сүзүки 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд олон улсад танигдсан Монгол жүжиг амжилттай нэвтэрч, хамтын ажиллагааны жишиг төсөл болно гэдэг итгэлтэй байгаагаа хэллээ.
Жүжгийн Монгол талын хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Монгол сумочид хоёр улсыг холбох гүүр болж байсан бол “Монгол хаан” жүжиг тэрхүү гүүрт соёлын тулгуур нэмж байгаад баяртай байгааг илэрхийлээд 2025 оны сумогийн Аки, Кюшү баше хоёрын дундуур 10-р сард Токио болон Нагояа хотноо тоглож буйг онцоллоо.
Элчин сайд Б.Баярсайхан, “Монгол хаан” жүжиг нь Рэйвагийн эринд Монгол, Япон хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөрөө үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм дээд хатан Масака нар Монгол Улсад айлчлах түүхэн жилтэй давхцаж байгааг тэмдэглэлээ. Монгол Хаан жүжгийн тасалбар Японы зах зээл дээр энэ 4-р сарын 2-ноос борлуулагдаж эхэлнэ.