Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн асуудал яригджээ.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил нийслэлд хэд, хэд бий. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, 21-р сургуулийн асуудал. Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан байдаг. Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байгаа. С.Болдхэт гэдэг хүнийг олон удаа урилаа, ирдэггүй юм байна. Ирэхгүй томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжид хот байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг зогсоож, газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдлүүдийг хүргүүлнэ. Ирж уулзвал уулзана биз, уулзахгүй бол тэр л биз. Сургуулийн хүүхдүүд багтахаа байчхаад байна" гэлээ.