СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улс III, IV сард халдвар гарах эрсдэлтэй улсуудын тоонд багтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улс III, IV сард халдвар гарах эрсдэлтэй улсуудын тоонд багтжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдсэнээс хойш 73 хоног өнгөрчээ. 73 хоногийн турш энэ вирус дэлхийн 123 оронд тархаж өчигдөрхөн ДЭМБ-аас коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарласан.

Хаа холын Африк тивийн улсад коронавирус бүртгэгдчихээд байхад халдварын голомт болсон БНХАУ-тай хил залгаа орших манай улсад яагаад одоог хүртэл коронавирус гараагүйг дэлхий дахин гайхаж, янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Мэдээж гурван өдрийн өмнө гарсан Францын иргэний тохиолдлыг эс тооцвол шүү дээ. Үүнийг зарим хүмүүс Монгол дархлаа, Монгол ген гэж омогшин байхад зарим нь Монголчуудын хэрэглэдэг хоол хүнснээс улбаалан Монгол хүн халдвар авахгүй байна гэсэн таамаглалыг дэвшүүлж буй.

Чухам ямар орнуудад халдвар тархаж байна вэ? Энэ талаар Америкийн хэд хэдэн судалгааны байгууллагууд, Global Virus Network вирус судлалын төв болон Хятадын Sun Yet-sen их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой таамаглалыг дэвшүүлжээ.

Тэд халдвар тархаж буй 100 гаруй орны цаг агаар, уур амьсгалыг судлан дүгнэлт хийсэн байна. Судалгаагаар коронавирус дэлхийн бөмбөрцгийн 30-50N координатын орнуудад илүү тархаж байгаа бөгөөд тус улсуудын цаг агаар сүүлийн хоёр сарын турш 5-11+ хэмийн дулаан, 47-79 хувийн чийгшилтэй байгаа юм.

Тухайлбал, халдварын голомт болсон Ухань хотод нэгдүгээр сард 7 хэмийн дулаан, 74 хувийн чийгшилтэй байсан бол хоёрдугаар сард 13 хэмийн дулаан, 66 хувийн чийгшилтэй байжээ. Халдварын хамгийн оргил үе болсон хоёрдугаар сарын уур амьсгал вирусийн амьдрах, тархах хамгийн тохиромжтой хэмийн дулаан болон чийгшил гэж үзсэн байна. Үүнд мөн халдварын тархалт өндөр байгаа Токио, Тэгү, Милан хотуудын сүүлийн хэдэн саруудын температур, чийгшлийг  ч харьцуулсан байна. Өөрөөр хэлбэл халдвар хурдацтай тархаж буй эдгээр улсуудын уур амьсгал, агаарын чийгшил ойролцоо байгаа нь судалгааны гол үндэслэл гэж хэлж болохуйц байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь Монгол улс гурав, дөрөвдүгээр сард халдвар гарах өндөр эрсдэлтэй улсуудын тоонд  багтжээ. Өөрөөр хэлбэл Монгол хүн коронавирусийн халдвар авахгүй байгаа нь бидний ген, Монгол дархлаа, Монголчуудын хоол хүнсэнд бус Монголын эрс тэс цаг агаарын нөлөө гэж тус судалгаагаар дүгнэж болохуйц байгаа юм.

Энэхүү судалгаа нь хараахан батлагдаж нотлогдоогүй ч коронавирусийн тархалтыг урьдчилан харж, таамаглаж болох өндөр ач холбогдолтой гэдгийг НҮБ-ын зөвлөх Сабха Собхани онцолжээ.

Хүн төрөлхтний өмнө томоохон сорил болж буй коронавирусийн эсрэг вакциныг одоогоор БНХАУ, БНСУ, АНУ тэргүүтэй хэд хэдэн орон гаргахыг оролдсоор байна. ДЭМБ-аас албан ёсны зөвшөөрөгдсөн вакциныг гарган автал байгаа бүхнээрээ, чадах чинээгээрээ тэмцэхийг уриалж байгаа. Бидэнд байгаа, бас бидний хийж чадах зүйл бол гараа тогтмол угааж, амны хаалт зүүн, дархлаагаа дэмжих, олон нийтийн газраар явахгүй байх зэрэг энгийн зүйлс сануулъя.

Эх сурвалж: Global Virus Network, SSRN