ГХЯ: БНСУ-д амьдардаг Монгол иргэн хөнгөн халдвар аваад эдгэсэн

ГХЯ: БНСУ-д амьдардаг Монгол иргэн хөнгөн халдвар аваад эдгэсэн

БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр /2020.03.14/ Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамнаас дөнгөж сая албан ёсны мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өчигдөр БНСУ-ын хэвлэлээр гарсан гэх мэдээллийг шалгасан. Юуны өмнө та бүхэнд мэдэгдэхэд манай Улсын иргэн эрүүл саруул байгаа гэдгийг хэлмээр байна.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна, хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн. ЭСЯ-аараа дамжуулан албан ёсны мэдээллийг авахаар ажилласан. БНСУ-ын Гадаад яамнаас тодруулахад тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдохыг зөвлөсөн. Ингээд мэдээллийг лавшруулж, тодрууллаа.

Манай улсын иргэн, 28 настай иргэн Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд, дүүргийн эмнэлэгт хандсан байна. Шинжилгээ өгөөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ Тухайн иргэний хувьд эхлээд эерэг хариу гарангуут нь вирусыг нь тоолоход бага хэмжээтэй байсан. Ингээд гэрт нь хорионд оруулж, эмчилгээ хийсэн. Улмаар гуравдугаар сарын 6, 7-ны өдөр хоёр удаа дахин шинжилгээ хийлгэхэд сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдсон.

Өчигдөр Өмнөд Солонгост хоёр монгол иргэн халдвар авлаа гэсэн мэдээлэл тарсан. ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (Элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан нь тогтоогдсон.

Иймд Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө