БНСУ-ын Чежү хотын нэгэн клубт танхайрч, солонгос иргэний биед халдсан хэрэгт 20 гаруй насны монгол залууг буруутган шалгаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Хэргийг тодруулбал, БНСУ-ын Жэжүгийн цагдаагийн газраас энэ сарын 14-ний өдөр мэдээлснээр, Монгол Улсын иргэн 20 гаруй настай эрэгтэй А-г танхайн хэргээр шалгаж байгаа бөгөөд уг иргэн нь энэ сарын 12-ны өдрийн 01:20 цагийн орчимд Жэжү хотын Ёндон хотын нэгэн клубт бүжиглэж байхдаа бусадтай маргалдаж байгаад улмаар Солонгосын иргэн Б-ийн биед халдсан хэрэгт буруутган баривчлаад байгаа аж. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад н.А нь мэдүүлэгтээ, “Бүжиглэж байгаад муудалцсан. Б гэгч этгээд нь хамгийн түрүүнд над руу халдсан” гэж мэдүүлсэн байна. Улмаар БНСУ-ын цагдаагийн байгууллагаас хэргийн талаар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хэрэг үүсгэхээр хэлэлцэж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт БНСУ-д эхнэрийн хамт амьдардаг монгол улсын иргэн 30 гаруй настай монгол залууг хөнөөсөн гэх хэргээр шалгагдаж байгаад 16 жилийн хорих ял авсан.
Тус улсын Хуулийн байгууллагын мэдээлснээр, “Шүүгдэгч нь шүүх хурлын үеэр хийсэн буруутай үйлдлээ үгүйсгэж, олон янзын шалтаг тоочиж байгаа нь ял оноох үндэслэл болсон. Мөн хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгчийг өршөөгөөгүй. Шүүгдэгч өөрт тохирсон хатуу шийтгэл хүлээх ёстой” гэснээр 16 жилийн ял оноосон байдаг. Энэ мэт монгол иргэд БНСУ-д хэрэгт холбогдож, улмаар ял авах тохиолдол цөөнгүй гарах болсон тул тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.
Эх сурвалж: Jejudomin news