ЭМЯ: Халуурсан, бичиг баримтаа мартсан зарим иргэдийг буцаасан

ЭМЯ: Халуурсан, бичиг баримтаа мартсан зарим иргэдийг буцаасан

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдээд байна.

Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өгч байна. Мэдээлэлд, "Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын онгоц газардаж манай улсын 244 иргэн эх орондоо буулаа. Эдгээр иргэдээс хагалгаанд орсон, жирэмсэн гэх мэт эрүүл мэндийн заалттай 50 иргэнийг нэг автобусаар тээвэрлэж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Голомттой бүс нутаг Тэгү, Бусанаас ирсэн 10 иргэнийг нэг нэгээр нь эмнэлгийн машинаар тусгаарлан тээвэрлэж ХӨСҮТ-д хүргэх юм. Бусад иргэдийг сэжигтэй тохиолдол илрээгүй бол энгийн тусгаарлах байранд тусгаарлана. Тээвэрлэлт одоогоор үргэлжилж байна. ГХЯ-аас 250 иргэн бүртгэл хийлгэсэн гэж мэдээлж байсан ч халуурсан, бичиг баримтаа мартсан зэрэг шалтгаанаар зарим иргэдийг буцаасан" гэж мэдэгдээд байна.