Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ

Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ. Тус төв нь 2022 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа эхэлсэн байна. Мэс заслыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар Солонгосын "Самсунг медикал" төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжсэн байна.  Мэс заслаар донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол Улсад гурав дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийж эхэлснээр Монгол Улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээлт багасаж, гадаад орон руу зорчих урсгал буурч, эх орондоо чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байна. Цаашид Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж ажлаа хангаж эхэлжээ.