Иргэний болон албаны үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хүний алтан амь аварч онцгой гавьяа байгуулсан Дорноговь аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Цэнд-Аюушийг бид энэ удаа онцлон ярилцлаа.
Тэрбээр их хэмжээний цус алдсан байсан иргэнд анхны тусламж үзүүлж, амийг нь аварсан нэгэн. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар түүнийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасан юм. Мөн Т.Цэнд-Аюуш нь Замын-Үүд суманд эхнэр хүүхдийн хамт ажиллаж, амьдардаг бөгөөд гурван жилийн өмнө томилгоо аван тус суманд ажиллаж эхэлжээ. Багаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байсан тэрбээр хүний алтан амь аварч, цагдаа мэргэжлээрээ бахархсанаас гадна цаашид энэ мэргэжлээрээ ажиллах илүү их урам зориг авсан талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Юуны өмнө эрдэнэт хүний амь аварсанд нь талархал илэрхийлье. Цагдаа гэх мэргэжлийг сонгож, ажлын гараагаа эхэлсэн үеэс яриагаа эхэлье?
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн албанд томилогдон очоод 3 жил гаруй хугацаа болж байна. 2019 онд сургуулиа дүүргээд, 2021 оноос ажиллаж эхэлсэн. Цагдаагийн мэргэжил бол миний бага насны хүсэл зориг, мөрөөдөл л дөө. Багад цагдаа нар хүний дээд юм шиг л санагддаг байлаа. Цагдааг харахаар л ямар гоё ах, ямар гоё эгч вэ, би яг ийм мөрдөстэй хүн болно доо, би энэ сайхан хувцсыг өмсөнө дөө гэж бодно. Тэр бодлоос л цагдаа болохыг мөрөөдөж эхэлсэн. Гэр бүлийнхэн маань ч намайг маш сайн дэмжсэн дээ.
-Цус их алдсан иргэнд анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан тухайн үеийн процесыг ярьж болох уу?
-Хүний хувийн нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ болох хүрээнд нь мэдээлэл өгье. 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 19:05 цагт “яаралтай очоорой” гэсэн шуурхай дуудлага ирсний дагуу тусгай дуут дохиогоо ажиллуулаад хурдан очихыг бодсон. Очоод хамгийн эхэнд нөхцөл байдлыг тодорхойлох нь маш чухал.
Тухайн иргэн их хэмжээний цус алдаж, шокийн байдалтай байсан. Гэсэн ч гар доор ямар ч материал байгаагүй учраас машиныг ухаж үзээд алчуур олж, түүгээр цус гарч байсан хэсэг дээр нь даралт хийж, цамцанд нь байсан уяагаар чангалуур хийж өгсөн.
Цус их алдсан байсан учраас ухаан алдаад, амьсгалыг нь шалгахад амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь хиймэл амьсгал хийе гэсэн шийдвэрийг гаргасан л даа. “Ухаан алдаж болохгүй шүү. Сэрүүн байгаарай. Надтай юм яриад бай. Өвөө чинь, ээж чинь байна. Чи ээжтэйгээ юм ярь” гэхэд иргэн маань жаахан арай гайгүй болсон. Төвөөсөө 6-7 км зайтай байсан учраас эмнэлгийн түргэн тусламж иртэл 10-15 минут болсон л доо. Тухайн иргэнийг яаж аврах вэ гэсэн түгшүүртэй мөртлөө их том сандралтай байсан. Бас янз бүрийн зүйл тохиолдчих вий гэсэн тодорхой хэмжээний айдас байсан.
-Эмнэлэгийнхэн хэр удаж ирсэн бэ. Эмнэлгийн байгууллага хүртэл анхан шатны тусламж үзүүлсэн гэж сонссон?
-Эмнэлгийн машинд ч ухаан алдаад байсан учраас эмчийн заавраар хиймэл амьсгал хийж байсан. Иргэнээ эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчхөөд гараад ирэхэд хоёр гарын шуу маань бадайрчихсан байсныг хараад гайхсан шүү. Шуугаа базаад сууж байтал амийг нь аварсан иргэний өвөө нь гарч ирээд “Баярлалаа миний хүү” гээд ярьж байсан.
-Тухайн нөхцөл байдалд танд өөрт тань ямар бодол төрж байв. Мэдээж амийг нь аврахыг л зорьж байсан болов уу?
-Тухайн хүний амийг аварна л гэсэн чин хүсэл, бодол байсан. Ялгаагүй л залуу хүн. Цаашдын амьдралыг бүтээнэ. Өчнөөн сайхан гэрэлт ирээдүй байхад энэ хүнийг аварчихвал маш том тусламж болох болов уу л гэж бодсон.
-Цагдаагийн албанд хүнд анхны тусламж үзүүлэхийг заадаг уу. Өөрөө яаж хүнд анхны тусламж үзүүлж сурсан юм бэ?
-Бусад цагдаагийн албан хаагч ч тухайн нөхцөл байдал тулгарах юм бол анхны тусламжийг шууд үзүүлнэ. Учир нь манай “Цагдаа” дамжаанд анхан шатны чтусламж гэдэг хичээлийг заадаг. Түүний ачаар иргэн хүнд яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ, цус алдсан үед ямар арга хэмжээ авах, амьсгал боогдсон үед яах талаар сайн мэдэж авдаг.
Мөн цагдаагийн албаны сургалтын нэгдсэн төвөөс батлагдсан хуваарийн дагуу ордог. Тэр бүгдээс мэдсэн мэдлэг маань л эрдэнэт хүний амийг аврахад хэрэг болсон гэж бодож байна.
-Сошиал сүлжээгээр таны талаарх мэдээлэл их түгсэн л дээ. Магадгүй хүмүүс нэлээн сайн мэддэг болсон болов уу. Хүмүүс ямар сэтгэгдэл хэлж байна?
-Таарсан хүн болгон л “Энэ фейсбүүкээр харсан залуу байна. Хүний амь аварсан гэсэн. Мундаг залуу вэ. Баярлалаа. Баяр хүргэе” гэж байсан. Тухайн үед жаахан ичих сэтгэгдэл төрдөг юм билээ.
-Цагдаагийн ерөнхий газраас шагнуулсан гэж сонслоо. Ямар шагнал хүртсэн юм бол?
-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” цол тэмдгээр шагнагдлаа. Өөрөө шагнал авна гэдгээ ч мэдсэнгүй. Цагдаагийн байгууллагад цагдаагийн гавьяа гэдэг нь нэлээд том шагнал байдаг. Ерөнхийдөө онцгой гавьяа байгуулсан тохиолдолд энэ шагналыг өгдөг юм.
-Таны энгэр дээр нэлээд хэдэн тэмдэг харагдаж байна. Танилцуулж болох уу?
-Манай цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой саяхан болсон. Энэ түүхт 100 жилйин ойгоороо бас шагнуулсан. Мөн залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, “Цэргийн алдар” тэмдгээр тус тус шагнуулж байсан.
-Хүний амь авраад өөрөөрөө бахархан сэтгэл төрж байв уу?
-Гэхдээ энэ бол миний хийх ёстой л ажил л даа. Хийсэн ажил, албаа нэр төртэй биелүүлсэндээ, тусламж үзүүлсэн хүн маань эрүүл саруул байгаад л маш их баяртай байна. Цагдаагийн алба хаагч сайн сайхан зүйл дээр очдоггүй. Саар болгон дээр л очдог. Тэр бүрийг зохицуулдаг. Буруутныг нь олж, зөвийг нь тунгаадаг. Тэр ч үүднээс цагдаагийн байгууллага ард түмнийхээ төлөө л байдаг учир энэ албаараа л маш их бахархдаг даа.
-Цагдаагийн алба хүнд хүчир гэж ярьдаг. Гэхдээ энэ мэргэжлийг сонгож, өөртэй чинь мөр зэрэгцэн зүтгэж яваа цагдаагийн алба хаагчид, мөн цагдаа болохоор зориг шулуудсан залуус олон бий байх. Тэдэнд хандаж хэлэх үг бий юу?
-Цагдаагийн ажил хүнд хүчир алба гэж хүмүүс их ярьдаг л даа. Гэхдээ мэргэжилдээ үнэнч байж, тууштай ажиллахад энэ алба ямар сайхан бэ гэдгийг мэдэрч, урам зориг авдаг юм шиг санагддаг. Одоо би жишээлбэл хамгийн том урам зоригоо авчихсан, цаашдаа ажлаа хийх чин хүсэлтэй болчихсон байна шүү дээ. Тийм учраас цагдаагийн албанд орох зорилго тавьж байгаа залуучууд минь битгий шантраарай. Чин шударгаар ажиллах юм бол хэзээ нэг өдөр амжилтанд заавал хүрнэ гэж бодож байна. Мөн цагдаагийн ерөнхий газар болон Дорноговь аймгийн цагдаа, Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүндээ маш их баярлалаа. Талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
-Ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил албанд нь амжилт хүсье.