Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол шуудан” компанитай хамтран гаргаж буй шуудангийн маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Коринн Пэрера, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.
Гадаад улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” компанитай хамтран дурсгалын маркийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлдэг уламжлалтай. Мөн дипломат харилцааны ойг тэмдэглэх хүрээнд Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Мөн Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Монгол, Францын хооронд 1965 оны энэ сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд энэ жилийн турш Улаанбаатар, Парис хотод цуврал үйл ажиллагааг зохион байгуулах юм.