Аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган гурван аймгийн Засаг Даргын тамгын газартай өнөөдөр /2025.04.28/ хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичиг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд аймгуудын нөөц боломж, газар зүйн байршилд тулгуурлан бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал алхам болж байгааг талууд онцолж байлаа.
-ХОЙД БҮСЭД ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА-
Түүнчлэн хойд бүсэд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр” байгуулах бөгөөд Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан билээ.
“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийг байгуулах ажлын хүрээнд Эрдэнэс Үйлдвэр Технологийн Парк ХХК болон Орхон аймгийн ЗДТГ-тай хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж, санамж бичгийн хүрээнд үндэсний болон олон улсын эрх зүйн жишигт нийцүүлэн үр дүнтэй, хамтран ажиллахад оршино.
Үйлдвэрийг байгуулахын тулд цахилгаан эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-өөр өргөтгөсөн юм. Мөн бүсийн хэмжээнд Сэлэнгэ-Эрдэнэт аймгийн хооронд ус дамжуулах барилга байгууламжийг өргөтгөж шинэчилсэн. Уг үйлдвэр ашиглалтад орсноор жилд 124,1 мянган тонн катодын зэс боловсруулах юм. “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтад 762 сая.ам долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.