Энэ сарын 14-ний шөнө Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч 260 гаруй иргэн хохироод байгаа юм. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Тэгвэл галд өртсөн тус худалдааны төвд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг олгохоор болжээ.
Тодруулбал, өнөөдөр /2025.04.28/ Засгийн газраас хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт болж байна. Тус зөвлөгөөнд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд, Засгийн газрын 23 сайд оролцож, хойд бүст тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдэж байгаа юм. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ.