Өнгөрсөн жилийн баяр наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд шинээр дэвссэн хиймэл ногоон зүлэг нэлээд шүүмжлэл дагуулсан.
Тодруулбал, тухайн үед наадмын өдрүүдэд бороо орж бөхчүүдийн хувьд халтирч, унаж бэртсэн тохиолдол гарсан. Харин Цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд хамгийн сайн чанарын зүлгийг дэвссэн гэх тайлбарыг хэлж байв. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан МҮБХ болон зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулсан билээ.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: "Энэ жил шинэ стандартын зүлгээ эрт дэвсэж, наадмаас өмнө бөхчүүдээр тестлүүлнэ. Хиймэл зүлэгт усны хаялга гээд жийргэвч тавьдаг. Өнгөрсөн жил дэвссэн зүлэгт жийргэвчийг стандартын дагуу тавьж чадаагүй. Одоо хиймэл зүлгийн дор зориулалтын бус жийргэвч байгаа. Амьд зүлэг тарих тал дээр нэлээн хүнд, хэцүү нөхцөлд байгаа. Зургадугаар сарын 15-ны дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид өнгөрсөн жилийн алдаан дээрээсээ суралцаж, энэ жил судалгаагаа сайн хийх болно" гэсэн юм.