Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос "2+2 хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан хариуцахаар зохицуулсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс шинэчлэн боловсруулсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоход тавигдах шаардлага, хяналтын тоо тогтоож байсан хуучин зохицуулалтыг шинэчлэн "Дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцуулах"-аар тусгажээ. Дотоодын их, дээд сургуульд 2024–2025 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 суралцагч суралцаж байна.
Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.