Д.Амарбаясгалан: АН-ын бүлгийнхэн хэндээ эрхлээд байгаа юм

Д.Амарбаясгалан: АН-ын бүлгийнхэн хэндээ эрхлээд байгаа юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэхь илтгэлтэй танилцаж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл дээр завсарлага авахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орж ирж, чуулганы хуралдаандаа оролцох 5 минутын хугацаа өгч байна.

УИХ-ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо ойлголцоогүй, бие биенээ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш.  

Би өглөө завсарлага өгөхдөө ч тодорхой хэлсэн. Завсарлагыг өгөхдөө хэн нэгэн уучлал гуйх, гүйхгүйтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай хуулиараа, УИХ -ын тухай хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, засварлага авдаг, хэлэлцэж байгаа асуудлтай холбогдуулж завсарлага авсан. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН нам хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан зөвлөл хоорондоо уулзаж, асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гуньсан туньсан байдалтайгаар төрийн ажлыг гацааж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Цаашдаа яах юм, УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ -ын үйл ажиллагаа гацаж саатдаг жишиг рүү орох юм уу. Би бол ийм юм руу оруулахгүй. Үйл ажиллагаа тогтвортой хэвийн явж байх ёстой. Хэрвээ асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан улс төрийн намын удирдлагууд хоорондоо асуудлаа ярьцгаа.  Энэ бол УИХ -ын асуудал биш. Хэрвээ ийм байдалтай байгаа бол УИХ ч гэсэн өөр арга хэмжээ авч болно шүү дээ. Хэндээ эрхлээд байгаа юм" гэв.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орж ирээгүй байна.

ВИДЕО: