ХААН Банкийг “Татвар төлөгч шилдэг ААН”-ээр 6 дахь жилдээ тодрууллаа

ХААН Банкийг “Татвар төлөгч шилдэг ААН”-ээр 6 дахь жилдээ тодрууллаа

 Монголын татварын албанаас ХААН Банкийг 2024 оны хамгийн их татвар төлсөн “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр тодруулан өнөөдөр өргөмжлөлийг Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гардууллаа.

Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн 5-р сард Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 

ХААН Банк 2024 онд  улсын төсөвт 272.7 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 92.6 тэрбум, нийт 365.3 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн зургаан жил дараалан ийнхүү “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад байна.

Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчлэх 548 салбар нэгж, хамгийн өргөн цахим сүлжээгээрээ дамжуулан ХААН Банк Монгол Улсын нийт айл өрхийн 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж буй.

2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 20.3 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.6 их наяд, харилцагчдад олгосон зээл 11.9 их наяд  төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаа явуулж байна. 

ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монгол Улсын ТОП-100 ААН”-ийн гуравдугаарт эрэмбэлээд буй. Мөн олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney”, “Asiamoney”, “Global Finance”, “FinanceAsia” зэрэг сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “Шилдэг иргэдийн банк”-аар тус тус шалгаруулаад байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк