Нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрийн аюултай нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл байгуулан ажиллаж байна.
Энэ талаар тус газрын холбогдох мэргэжилтэн Б.Нацаг мэдээлэхдээ, Онцгой комиссын 01 тоот албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 01 тоот албан даалгавар болон Байгаль орчны газрын даргын А/28 дугаар тушаалын хүрээнд арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн зохион байгуулж буйг онцоллоо. Нийслэлийн ногоон бүсийн таван чиглэлд НОБГ, НЦУГ, НБОГ-ын бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ой, хээрийн түймрийн болзошгүй 23 тохиолдлыг илрүүлэн, унтраах ажилд хамтран оролцжээ. Түүнчлэн, голомтод гарсан 21 удаагийн түймрийг Онцгой байдлын газар болон харьяа ангиудтай хамтран унтраасан байна.
Хамгаалалтын чиг үүрэг бүхий Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хаагийнтын хамгаалалтын захиргаа, Цаг уурын байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, мэдээлэл солилцох, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр хамтран ажиллаж байгааг мөн дурдлаа.
Түүнчлэн түймрийн аюул өндөртэй гэж тооцогдох хугацаа нь 6 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 20, мөн 11 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд 49 албан хаагч ээлжлэн амралтын өдрүүдийг ч оролцуулан хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн түймрийн эсрэг тэмцэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 орчим орон нутгийн иргэнийг урамшуулалт иргэний бүлэгт хамруулан нэмэлт хүч болгон ажиллуулж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх ажиллагаа нь нийслэлийн экологийн тэнцвэрт байдал, байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Ж.ИЧИНХОРЛОО