Монголын Үндэсний бөхийн холбооноос уриалга гаргажээ.
Тус уриалгад "Үндэсний бөх нь монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг. Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа болно. Эдгээр иргэдийн үйлдлийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байна" гэсэн юм.