Энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд болно

Энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд болно

Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор зохион байгуулах юм.

Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, олон нийтэд зориулан “Байгаль экологийн чиглэлийн 50 ном”-ыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, “Номын сайн нөхөр”-ийг шалгаруулна. Мөн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн үндэсний бахархалт амьтан Мазаалайн асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгожээ.